Home | About me | Chat | Contact |

Friday, July 15, 2011

ГАН ЦӨЛЖИЛТӨД НОЦТОЙ НЭРВЭГДЭЖ БУЙ ОРНУУДЫН БОЛОН ЯЛАНГУЯА АФРИКИЙН ЦӨЛЖИЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН КОНВЕНЦ


ГАН ЦӨЛЖИЛТӨД НОЦТОЙ НЭРВЭГДЭЖ БУЙ ОРНУУДЫН
БОЛОН ЯЛАНГУЯА АФРИКИЙН ЦӨЛЖИЛТЭЙ
ТЭМЦЭХ ТУХАЙ НЭГДСЭН КОНВЕНЦ

            Энэхүү Конвенцид оролцогч Талууд,
-  цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээрт нэрвэгдэж байгаа болон тийм аюул заналхийллийн дор оршиж буй нутаг орны хүн ардад гол ахнаарлаа төвлөрүүлж буйг нотлож,

-  ган, цөлжилтийн тааламжгүй үр дагварын талаар олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор улс гүрнүүд болон олон улсын байгууллагууд ноцтойгоор сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж,

- эх газрын үлэмж хэсгийг хуурай, хуйрайвтар, чийг дутмаг бүс нутаг эзэлдэг бөгөөд энэ нь дэлхийн хүн амын нэлээд хэсгийн оршин сууж буй газар, аж амьдралынх нь эх сурвалж болдогийг ухамсарлаж,

- ган, цөлжилт нь өргөн хүрээтэй асуудал болж дэлхийн бүх бүс нутагт нөлөөлж, түүнтэй тэмцэх, тэдгээрийн нөлөөллийг бууруулахад олон улсын хамтын нийгэмлэгийн хамтарсан үйл ажиллагаа шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч,

- ган, цөлжилт нь тэдгээрт нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, нэн ялангуяа буурай хөгжилтэй орнуудад болон Африкт эмгэнэлт үр уршиг учруулж байгааг тэмдэглэж,

- физик, биологи, улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн, соёлын харилцан уялдаа бүхий нарийн түвэгтэй хүчин зүйлийн улмаас цөлжих үйл явц улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэж,

- олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаа нь ган цөлжилтөд нэрвэгдэж буй улс орнууд цөлжилтэй зүй ёсоор нь тэмцэхэд нөлөөлж байгааг харгалзан үзэж,

- эдийн засгаа тогтвортой өсгөх, нийгмийн хөгжлөө хангах, ядуурлын үндсийг таслан зогсоох явдал бол ган, цөлжилтөд нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудын нэн тэргүүний зорилт бөгөөд энэ нь тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чухал нөхцөл болохыг ухамсарлаж,

-  ган, цөлжилт нь ядуурах, эрүүлийг хамгаалах болон хүнс тэжээлийн хомсдол, хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдах зэрэг нийгмийн чухал асуудлууд болон цагаачлах, шилжин суурьших, хүн амын хөдлөл зүйтэй уялдаа холбоотойгоор тогтвортой хөгжилд тааламжгүй нөлөө үзүүлдгийг харгалзан үзэж,

- өнгөрсөн хугацаанд улс гүрнүүд, олон улсын байгууллагуудаас цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах салбарт тухайлбал НҮБ-ын Бага Хурлаар 1977 онд баталсан цөлжилтэй тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гаргасан хүчин чармайлт, хуримтлуулсан туршлагын ач холбогдлыг өндрөөр үнэлж,

- өнгөрсөн хугацаанд цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах талаар хүчин чармайлт гаргаж зарим ахицад хүрсэн хэдийч тавьсан зорилгодоо хүрээгүйг тэмдэглэж, энэ нь тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд бүх түвшинд шинэ бөгөөд илүү үр дүнтэй алхам хийх шаардлагатай байгааг ухамсарлаж,

-  байгаль орчин, хөгжлийн асуудлаархи НҮБ-ын Бага Хурлаас гаргасан шийдвэр, тухайлбал, ХХI зууны мөрийн хөтөлбөр, цөлжилтэй тэмцэх үйл ажиллагааны үндсийг тусгасан түүний 12 дугаар бүлгийн заалтууд нь хүчин төгөлдөр бөгөөд тулгамдсан асуудлууд болохыг хүлээн зөвшөөрч,

-  ХХI зууны мөрийн хөтөлбөрийн 33 дугаар бүлгийн 13 дугаар зүйлд заасан хөгжилтэй улс гүрний хүлээх үүргийг үүнтэй уялдуулан дахин нотлож,

-  Африкт нэн тэргүүний ач холбогдол өгсөн Ерөнхий Ассамблейн 47/188 дугаар тогтоол болон ган, цөлжилтийн талаархи НҮБ-ын бусад толбогдох мэдэгдлүүдийг иш татан,

-  байгаль орчин, хөгжлийн асуудлаархи Рио-де-Жанейрогийн тунхаг, түүний 2 дугааар зарчимд улс гүрнүүд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчмын дагуу өөрсдийн байгалийн нөөц баялгийг байгаль орчин ба хөгжлийн салбар дахь дотоод бодлогынхоо дагуу эзэмших бүрэн эрх эдлэх ч ингэхдээ тэдний эрх зүйн буюу хянан шалгах хүрээнд явуулж буй үйл ажиллагаа нь тухайн бүс нутгийн бусад улс орны байгаль орчинд хохирол учруулахгүй байхаар бодож хийх үүрэг хүлээнэ гэдгийг дахин нотолж,

-  үндэсний засгийн газрууд цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэ салбарт гаргах амжилт нь нэрвэгдэж буй нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарахыг хүлээн зөвшөөрч,

-  цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл хэрэгт олон улсын хамтын ажиллагаа, түншлэл ач холбогдолтой, шаардлагатай байгааг мөн хүлээн зөвшөөрч,

-  тийнхүү нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад, ялангуяа Африкт үр ашигтай хөрөнгө хүч, тухайлбал санхүүгийн нөөцийг бии болгох, санхүүжилтийн нэмэлт шинэ эх үүсвэрээр хангах, энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд шаардагдах технологи нэвтрүүлэх боломж олгохын ач холбогдлыг хүлэн зөвшөөрч,

-  Төв Ази, Өвөр Кавказын ган, цөлжилтөд нэрвэгдэж байгаа орнуудад дгээр үзэгдлүүд нөлөө үзүүлж буй явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж,

-  ган, цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутаг, ялангуяа хөгжиж буй орнуудын хөдөөгийн эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүх шатны үйл ажиллагаанд эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүд ч нэгэн адил бүрэн оролцож байх бололцоо хангахыг онцлон тэмдэглэж,

-  цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хөтөлбөрүүдэд засгийн газрын бус байгууллагууд, бусад томоохон бүлгүүдийн онцгой үүргийг тэмдэглэж,

-  өргөн хүрээтэй цөлжилт, экологийн бусад асуудлуудаар олон улсын ба үндэсний хамтын нийгэмлэгүүдийн хоорондын харилцан уялдаа холбоог харгалзан үзэж,

-  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Конвенц, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенц болон байгаль орчныг хамгаалах талаархи бусад Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд цөлжилтэй хийх хувь нэмэр оруулж болохыг мөн бодолцож,

-  цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах удирдлага нь шинжлэх ухааны гүнзгий мэдлэг, тогтмол ажиглалт судалгаан дээр үндэслэх болон тэдгээрт байнгын үнэлгээ хийх нь илүү үр дүнтэй болохыг тэмдэглэж,

-  үндэсний хөтөлбөр ба нэн тэргүүний арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх,зохицуулалтыг сайжруулах нь амин чухал болохыг хүлээн зөвшөөрч,

-  эдүүгээ болон хойч үеийнхний ашиг сонирхолын үүднээс цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөлийг бууруулах талаар холбогдох арга хэмжээ авхаа бишрэн андгайлж,
            Дараахь байдлаар хэлэлцэн тохиролцов.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
УДИРТГАЛ
1 дүгээр зүйл
Хэрэглэх нэр томъёо
            хх Энэхүү Конвенцийн зорилгын үүднээс:
            а) “цөлжилт” гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон янзын хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуйрайвтар, чийг дутмаг нутаг оронд газрын доройтол болохыг хэлнэ.
            б) “цөлжилтэй тэмцэх” гэж тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хуурай, хуйрайвтар, чийг дутмаг бүс нутагт газрыг хамгаалах, сайжруулахад чиглэсэн дараах иж бүрэн арга хэмжээнүүдийг хэлнэ. Үүнд:
                      i.        газрын нөөц доройтохоос сэргийлэх, багасгах,
                     ii.        хэсэгчлэн доройтсон газрыг нөхөн сэргээх,
                    iii.        цөлжсөн газрыг нөхөн сэргээх гэх мэт.
            в) “Ган” гэж хур тунадасны хэмжээ хэвийн хэмжээнээс үлэмж багассанаас  усзүйн тэнцвэр ноцтойгоор алдагдаж, газрын өгөөж үржил шим муудах байгалийн үзэгдлийг хэлнэ.
            г) “гангийн нөлөөг бууруулах” гэдэг нь цөлжилтэй тэмцэх ажил хэргийн хүрээнд ганг урьдчилан мэдээлэх, нийгэм, байгаль орчныг гангийн нөлөөллөөс хамгаалах үйл ажиллагаа юм.
            д) “газар” гэж хөрс, ус, ургамал ба бусад биомасс, түүнчлэн экологи, ус зүйн үзэгдлийг агуулсан газар дэлхийн био бүтээмжийн тогтолцоог хэлнэ.
            е) “газрын доройтол” гэж хүний үйл ажиллагаа, хүн амны байршилтай холбоо бүхий:
                      i.        салхи ба усны нөлөөгөөр хөрс элэгдэх,
                     ii.        хөрсний физик, хими, биологи болон эдийн засгийн ач холбогдол буурах,
                    iii.        он удаан жилийн турш байгалийн ургамал нөмрөг хомсдох зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт усалгаагүй  болонусалгаатай газар тариалан, бэлчээр, ой, модлог ургамалтай газрын хөрсний биологи, эдийн засгийн үр өгөөж буурахыг хэлнэ.
            ё) “хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутаг” гэж жилийн дундаж тундасны хэмжээ, ургамал-хөрсний нийлбэр боломжит ууршилтын хоорондын харьцаа нь 0,05-0,65 хооронд хэлбэлзэх туйлын болон туйл орчмын газраас бусад нутгийг хэлнэ.
            ж) “нэрвэгдэж буй газар нутаг” гэж цөлжсөн буюу цөлжих аюулд орж болзошгүй хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгийг хэлнэ.
            з) “нэрвэгдэж буй улс гүрнүүд” гэж нутаг дэвсгэр нь цөлжилтөд нэрвэгдэж буй газар нутагт бүхлээрээ буюу зарим хэсэг нь хамрагдсан улс орныг хэлнэ.
            и) “бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэдэг нь энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлаар бүрэн эрх, дотоод журмынхаа дагуу гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих, нэгдэн орох эрх бүхий тухайн бүс нутгийн тусгаар тогтносон улс гүрнүүдийн албан газар байгууллагыг хэлнэ.
            к) “Конвенцид оролцогч Талууд-хөгжингүй орнууд” гэж хөгжингүй орнуудын үүсгэн байгуулсан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.
2 дугаар зүйл
Зорилго
            1. Энэхүү Конвенцийн зорилго нь нэрвэгдэж буй бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн “ХХ1 зууны мөрийн хөтөлбөр”-т нийцүүлэн цогцолбор үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн талаархи хэлэлцээрүүдийн дагуу бүх түвшинд үр дүнтэй арга хэмжээ авах замаар ган, цөлжилтэд ноцтой нэрвэгдэж буй орнууд, ялангуяа Африкт цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах, тэмцэл явуулахад оршино.
            2. Энэ зорилгод хүрэхийн тулд нэрвэгдэж байгаа газар нутгийн хүн амын амьжиргааны түвшин ялангуяа орон нутгийн хүн амын амьжиргааг дээшлүүлэх үүднээс газрын өгөөжийг нэмэгдүүлэх, газар ба усны нөөцийг зүй зохистой ашиглах, сэргээн сайжруулах, хамгаалахад чиглэсэн урт хугацааны иж бүрэн бодлого чухал болно.
3 дугаар зүйл
Зарчим
            1. Энэхүү Конвенцийн зорилгод хүрэх, түүний заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд Талууд дор дурдсан зүйлийг удирдлага болгоно. Үүнд:
            а) Талууд нь цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шийдвэр гаргахдаа хүн ам, орон нутгийн үүсгэл санаачилгын байгууллагуудыг оролцуулж, улс үндэсний болон орон нутгийн үйл ажиллагааг туслаж дэмжих тааламжтай орчинг бий болгох нөхцөлийг хангах.
            б) Талууд олон улсын эв санааны нэгдэл, түншлэлийн уур амьсгалаар дэд бүс, бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагаа ба зохицуулалтыг боловсруулалтыг боловсронгуй болгох шаардлагатай тэр газарт нь санхүү, хүн, хүч, зохион байгуулалт, техникийн нөөцийг илүү үр ашигтай төвлөрүүлэх.
            в) Талууд нэрвэгдэж байгаа бүс нутгийн газрын байдал, үнэ цэнэ, усны нөөцийн хомсдол тэдгээрийг зүй зохистой ашиглуулах зэргийг илүү гүнзгий ойлгох хэмжээнд хүрэхийн тулд удирдлагын бүх түвшин, үүсгэл санаачилга, төрийн бус байгууллагууд, газар эзэмшигчдийн хоорондын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх.
            г) Талууд нь Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд тухайлбал, ядуу буурай орнуудын онцгой хэрэгцээ, нөхцөл байдлыг бүрэн хэмжээнд харгалзаж үзэх.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
4 дүгээр зүйл
Нийтлэг үүрэг
            1. Талууд энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ дангаараа буюу хамтран эсвэл одоогийн болон хойшдын хоёр болон олон талын хэлэлцээрүүдийн хүрээнд эсвэл үүргийн байдлаас тэдгээрийг хослуулах хүрээнд биелүүлэх бөгөөд тэгэхдээ хүчин чармайлтыг уялдуулахыг чухалчлах, бүхий л түвшинд урт хугацааны бодлогыг боловсруулахад онцгой анхаарна.
            2. Оролцогч Талууд энэхүү Конвенцийн зорилгод хүрэхийг эрмэлзэн:
            а) ган, цөлжилтийн явцын физик, биологи, нийгэм эдийн засгийн төлөвт иж бүрэн хандах,
            б) олон улс, бүс нутгийн холбогдох байгууллагуудын хүрээнд Конвенцийн Талууд, нэрвэгдэж байгаа хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд тус дэм үзүүлэх, олон улсын эдийн засгийн тааламжтай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн хэлэлцээр, өрийн асуудалд онцгой анхаарах;
            в) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад ядуурлыг арилгахад чиглэсэн бодлогыг нэгтгэх;
            г) байгаль орчин ба газар, усны нөөцийг хамгаалах талаар нэрвэгдэж байгаа Конвенцийн Талуудын намтын ажиллагааг ган, цөлжилтэй тэмцэхэд түлхүү чиглүүлэх;
            д) дэд бүс, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх;
            е) засгийн газар хоорондын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
            ё) аливаа давхардлаас зайлсхийхийн тулд бүтэн зохион багууллалтын мехнизмуудыг зохих хэлбэрээр тодорхойлох;
            ж) Конвенцид Талууд нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад санхүүгийн үлэмж нөөцийг дайчилж чадах хоёр болон олон талын санхүүгийн механизм, үйл ажиллагааг ашиглах явдлыг дэмжих.
            3. ) Конвенцийн Талууд нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд Конвенцийг хэрэгжүүлэхэд тусламж авах эрхтэй.
5 дугаар зүйл
Конвенцийн Талууд-нэгдэж орсон нэрвэгдэж
буй орнуудын үүрэг
            1. Конвенцид нэгдэж орсон нэрвэгдэж буй орнууд 4 дүгээр зүйлд заасан үүргээс гадна доорхи үүргийг нэмж хүлээнэ Үүнд:
            а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулахад дээд зэргийн анхаарал тавьж, өөрсдийн үүрэг, бололцооныхоо дагуу адил төстэй нөөцийг гаргах;
            б) тогтвортой хөгжилийн төлөвлөгөө, бодлогын хүрээнд цөлжилтэй тэмцэх ба гангийн нөлөөллийг бууруулах асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч, чиг бодлогоо боловсруулах;
            в) цөлжилт үүсэх шалтгааныг арилгах асуудлыг авч үзэж, цөлжилтийн үйл явцад нөлөөлж байгаа нийгэм эдийн засгийн хүчин зүйлд онцгой анхаарал хандуулах;
            г) орон нутгийн хүн амыг мэдээллээр хангах, тэднийг ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудыг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд оролцуулахад нь нөлөөлөх;
            д) одоо үйлчилж байгаа хууль тогтоомжийг чангатгах, байхгүй бөгөөд нэн шаардлагатай хуулийг шинээр гаргах, урт хугацааны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг буй болгох тааламжтай орчин бүрдүүлэх.
6 дугаар зүйл
Конвенцийн Талууд-хөгжилтэй орнуудын үүрэг
            Конвенцийн Талууд- хөгжилтэй орнууд 4 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргүүдээс гадна доорхи үүргийг нэмж хүлээнэ. Үүнд:
            а) Нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд- Конвенцийн Талууд ялангуяа Африкийн орнуудын цөлжилтэй тэмцэх ба гангийн нөлөөллийг бууруулах талаар тавьж буй хүчин чармайлтыг тохиролцооны дагуу дангаараа болон хамтран идвэхтэй дэмжих;
            б) Нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд- Конвенцийн Талууд ялангуяа Африкийн орнуудын цөлжилтэй тэмцэх, гангийн уршигийг бууруулах өөрсдийнхээ урт хугацааны төлөвлөгөө, чиг бодлогыг үр дүнтэйгээр боловсруулж хэрэгжүүлэхэд нь үлэмж хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг дайчлах, бусад хэлбэрийн тусламж үзүүлэх;
            в) 20 дугаар зүйлийн 2 дугаар заалтын дагуу санхүүгийн шинэ, нэмэлт эх үүсвэрүүдийг дайчлахад нь туслах
            г) хувийн сектор, төрийн бус бусад эх үүсвэрээс санхүүгийн нөөц боломжийг дайчлах явдлыг хөхүүлэн дэмжих;
            д) Конвенцид нэгдэн орсон нэрвэгдэж буй орнууд- Конвенцийн Талууд ялангуяа хөгжиж байгаа орнуудад холбогдох технологи, мэдлэг, нау-хау-г олж авах боломж олгох, дэмжлэг үзүүлэх.
7 дугаар зүйл
Африкт тэргүүн зэргийн
анхаарал хандуулах нь
            Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхдээ оролцогч Талууд энэ бүс нутагт бүрэлдэн тогтсон онцгой байдлыг харгалзан, Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй Африкийн орнуудад тэргүүн зэргийн анхаарал тавих ба тэгэхдээ бусад нутгуудын Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудыг анхаарлааса хөндийрүүлэхгүй байх болно.  
8 дугаар зүйл
Бусад Конвенцитэй холбогдох нь
            1. Талууд хүчин чармайлтыг давхардуулахгүйгээр гэрээ, хэлэлцээр бүрийн үйл ажиллагааг үр ашигтай байлгах зорилгоор энэхүү Конвенцийн хүрээнд хэрэгжүүлж байгаа болон олон улсын бусад холбогдох хэлэлцээрүүдийн хүрээнд, тухайлбал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенци, Биологийн төрөл зүйлийн тухай Конвенцийн Талуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг уялдуулан зохицуулах явдлыг хөхүүлэн дэмжих, Талууд ялангуяа, судалгаа шинжилгээ явуулах, боловсон хүчин бэлтгэх, байнгын ажиглалт хийх, мэдээлэл цуглуулах, солилцох чиглэлийн үйл ажиллагаа нь тухайн хэлэлцээрийн зорилгод хүрхэд тус дөхөм болж байгаа бол хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих.
            2. Энэхүү Конвенцийн заалтууд нь тухайн Талын хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө нэгдэн орсон хоёр талын, бүс нутгийн болон олон улсын аливаа гэрээ хэлэлцээрээр хүлээсэн эрх, үүргийг үл хөндөнө.
            ГУРАВДУГААР ХЭСЭГ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН
АЖИЛЛАГАА, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТАЛЫН АРГА ХЭМЖЭЭ
1 ДҮГЭЭР БҮЛЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

9 дүгээр зүйл
Суурь хандлага
            1. Конвенцид нэгдэн орсон нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд болон нэрвэгдэж байгаа бусад Талууд 5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ бүс нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэх хавсралтын хүрээнд үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах гэж байгаа тухайгаа Байнгын нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэж, цөлжилтэй тэмцэх болон гангийн нөлөөллийг бууруулах чиг бодлогын чухал хэсэг болсон одоогоор амжилттай хэрэгжиж байгаа төлөвлөгөө, хөтөлбөрүүд, бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд тулгуурлан үий ажиллагааны үндэсний хөтөлбөрийг зохих ёсоор нь боловсруулан мэдээлж, хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрүүд нь газар дээр нь хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан туршлага, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үндэслэн олон түмний байнгын оролцоотойгоор боловсронгуй болж, шинэчлэгдэж байна. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг бэлтгэх үйл явцыг тогтвортой хөгжлийн үндэсний бодлогыг томъёолох зэрэг бусад хүчин чармайлттай нягт уялдуулах ёстой.
            2. Конвенцид нэгдэн орсон хөгжингүй орнууд 6 дугаар зүйлийн заалтын дагуу төрөл бүрийн тусламж үзүүлэхдээ Конвенцид оролцогч Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудын, ялангуяа Африкийн орнуудын үндэсний болоод бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг зөвшилцөхөд шууд юмуу зохих олон талын байгууллагуудааар дамжуулан дэмжлэг үзүүлэх явдлыг нэн тэргүүнд тавих ёстой.
            3. Талууд НҮБ-ын системийн байгууллага, сан, хөтөлбөрүүд бусад холбогдох засгийн газар хоорондын байгууллага, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагууд өөрийн эрх хэмжээ, бололцооныхоо хэрээр үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах талаар хамтран ажиллах явдлыг хөхүүлэн дэмжих ёстой.
10 дугаар зүйл
Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр
            1. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн зорилго нь цөлжилтөд хүргэж буй хүчин зүйлүүд, цөлжилтэй тэмцэх болон гангийн нөлөөг бууруулахад чиглэсэн практик арга хэмжээг тодорхойлоход оршино.
            2. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт засгийн газар болон орон нутгийн хүн амын бүлэглэл, газар ашиглагч нарын үүрэг, мөн байгаа болон нэмж шаардагдах нөөцүүдийг тодоруулан заана. Хөтөлбөр нь мөн:
            а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах урт хугацааны чиг бодлогыг тодорхойлох, тогтвортой хөгжлийн үндэсний бодлоготой уялдуулах, хэрэгжүүлэх асуудлыг онцлон авч үзнэ.
            б) өөрчлөгдөж буй нөхцөл байдлын дагуу өөрчлөлт оруулж болох, орон нутгийн түвшинд нийгэм-эдийн засаг, биологи, геофизик зэрэг янз бүрийн нөхцлийг шийдвэрлэхэд зохицохуйц уян хатан байна.
            в) нэрвэгдээгүй буюу зөвхөн бага зэрэг өртөгдсөн газарт урьдчилан хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна.
            г) гангаас урьдчилан сэргийлэх зорилгоор цаг уур, уур амьсгал, ус зүйн шинжилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх.
            д) хандивлагч байгууллагууд, бүх түвшний засгийн газрууд, орон нутгийн хүн амын бүлэглэлийн хооронд туншлэлийн уур амьсгалаар хамтын ажиллагаа, зохицуулалтын бодлого явуулах бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх явдлыг дэмжих, орон нутгийн хүн ам зохих мэдээлэл, технологи олж авах боломж олгоно.
            е)улс үндэстэн, бүс нутаг, орон нутгийн түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргах, үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийхэд нөөц ашиглагч нар түүний дотор төрийн бус байгууллагууд, орон нутгийн хүн ам, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ялангуяа тариачид, малчид, тэдгээрийн төлөөллийн байгууллагуудыг оролцуулна.
            ё) энэ ажлын явцын талаар хяналтын болон ажлын тайланг тогтмол бэлтгэж байх шаардлагатай.
            3. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдэд гангийн нөлөөг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх дараахь арга хэмжээнүүдийн заримыг буюу бүгдийг нь багтаасан байж болно.
            а) үндэсний болон орон нутгийн хүч хэрэгсэл мөн дэд бүс, бүс нутгийн хамтарсан тогтолцоо болон экологийн учир шалтгаанаар шилжин нүүдэллэгчидэд туслах механизмуудыг хамарсан, урьдчилан сэргийлэх мэдээллийн системүүдийг зохих ёсоор бий болгож бэхжүүлэх,
            б) жил, улирал дутмын уур амьсгалын ирээдүйн төлөвийг харгалзан орон нутаг, улс үндэстэн, дэд бүс, бүс нутгийн хэмжээний гантай тэмцэх тусгай төлөвлөгөөнүүд зэрэг гантай тэмцэх зохион байгуулалт, зохицуулалт түүнд бэлэн байх чадавхийг бэхжүүлэх,
            в) ялангуяа хөдөө нутаги хадгалах, борлуулах хэрэгсэл бүхий хүнсний аюулгүй байдлын тогтолцоог бий болгож бэхжүүлэх,
            г) ганд нэрвэгдсэн газар нутгуудад орлого олох боломжийг хангах амьжиргааны талаарх төслүүдийг хэрэгжүүлэх
            д) газар тариалан, мал аж ахуйг усжуулах хөтөлбөрийг боловсруулах.
            4. Конвенцид оролцогч Талууд болох нэрвэгдэж буй улс орон тус бүрийн тодорхой нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүдэд нэрвэгдсэн газруудын хүн ам болон цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах талаар дараахь чиглэлийн арга хэмжээнүүдийг тусгана. Тухайлбал ядуурлыг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөрийг өрөгжүүлэн бэхжүүлэх, зорилгоор үндэсний эдийн засгийн байдал, төлөвийг сайжруулах, амжиргааны эх үүсвэрийн хувилбаруудыг дэмжих; хүн ам хөдлөл зүй; байгалийн нөөцийн тогтвортой менежмент; хөдөө аж ахуйн тогтвортой арга ажиллагаа; эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийг хөгжүүлж үр ашигтай ашиглах; бүтэц зохион байгуулалт, эрх зүйн хүрээ; байнгын ажиглалт, үнэлгээ хийх чадавхи түүний дотор ус, цаг уурын албад, үндэсний чадавхи, боловсрол, олон нийтийн сурталчилгааг сайжруулах зэрэг болно.
11 дүгээр зүйл
Дэд бүс ба бүс нутгийн үйл
ажиллагааны хөтөлбөр
            Конвенцид оролцогч Талууд болох нэрвэгдэж буй орнууд үндэсний хөтөлбөрүүдийг бүс нутгийн холбогдох хавсралт, дэд бүсийн ба бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу уялдуулах, үр ашгийн нь дээшлүүлэх талаар бие биетэйгээ зөвлөлдөж хамтран ажиллана. 10 дугаар зүйлийн заалтуудыг дэд бүс, бүс нутгийн хөтөлбөрүүдэд зохих өөрчлөлттэйгээр (mutatis mutandis) хэрэглэнэ. Тийм хамтын ажиллагаанд хил дамжсан байгалийн нөөцийн тогтвортой менежмент, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа, холбогдох удирдан зохицуулах байгууллагыг бэхжүүлэх талаар тохиролцсон хамтын хөтөлбөрүүд байж болно.
12 дугаар зүйл
Олон улсын хамтын ажиллагаа
            Конвенцид оролцогч Талууд болох нэрвэгдэж буй орнууд бусад Талууд ба олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран энэхүү Конвенцийг хэргэжүүлэх олон улсын таатай нөхцөлийг бий болгох талаар хамтран ажиллах ёстой. Тийм хамтын ажиллагаа нь технологи нэвтрүүлэх, түүнчлэн эрдэм шинжилгээ, мэдээлэл цуглуулах, түгээх, санхүүгийн нөөц зэрэг чиглэлийг хамрах ёстой.
13 дугаарзүйл
Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд
үзүүлэх дэмжлэг
            1.9 дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд дараахь зүйлүүд орно. Үүнд:
            а/ зайлшгүй урт хугацааны төлөвлөлт байдалтай үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжих санхүүгийн хамтын ажиллагаа
            б/ амжилттай хэрэгжёэн туршилтын хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг тохирох газар нь дэлгэрүүлэхэд тус дэм үзүүлэх зорилгоор төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг орон нутгийн түвшинд дэмжлэг үзүүлэх илүү боломж олгох хамтын ажиллагааны механизмуудыг боловсруулж ашиглах
            в/ орон нутгийн хүн амын бүлэглэлийн түвшинд хүн амыг өргөнөөр татан оролцуулахад чиглэгдсэн туршилтын, нэг маягийн төслүүдийг боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэхэд уян хатан байдлыг нэмэгдүүлэх,
            г/ хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэсэн захиргааны бө төсвийн холбогдох журам гаргах
            2.Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад ийм дэмжлэг үзүүлэхдээ конвенцийн Талууд болох Африкийн орнууд ба буурай хөгжилтэй орнуудыг нэн тэргүүнд авч үзнэ.

14 дүгээр зүйл
Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах
хэрэгжүүлэх ажлыг зохицуулах

            1.Хэлэлцэн тохирогч Талууд шууд буюу холбогдох Засгийн газар хоорондын байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх талаар хамтран ажиллана.

            2.Талууд аливаа давхардлаас зайлсхийх, тусламжийн өгөөжийг дээд зэрэгт хүргэх, хандлага, үйл ажиллагааг уялдуулахын тулд конвенцид оролцогч Талууд болох хөгжингүй болон хөгжиж буй орнууд, холбогдох Засгийн газар хоорондын хийгээд төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь бүрэн уялдуулан зохицуулах үүднээс үндэсний болон орон нутгийн түвшинд ажил хэргийн механизмуудыг бүрдүүлнэ.

            Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад нөөц  ашиглалт, тусламжийн үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны хөтөлбөр, энэ конвенцийн нэн тэргүүний ач холбогдолтой заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад илүү анхаарах болно.

15 дугаар зүйл
Бүс нутгуудад хэрэгжүүлэх хавсралтууд

Үйл ажиллагааны хөтөлбөрт орох элементүүдийг конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй орнууд болон бүс нутгийн нийгэм эдийн засаг, газар зүйн ба уур амьсгалын хүчин зүйлүүдийг харгалзан, тэдгээрийн хөгжлийн түвшинд нийцүүлэн сонгон авна. Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад баримтлах заавар, тодорхой дэд бүс, бүс нутагт зориуулсан хөтөлбөрийн чиглэл, агуулга зэргийг бүс нутагт хэрэгжүүлэх хавсралтад тодорхойлж өгөв.
            ХОЁРДУГААР БҮЛЭГ: ШИНЖЛЭХ УХААН- ТЕХНИКИЙН
ХАМТЫН АЖИЛЛАГАА
16 дугаар зүйл
Мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ
хийх, солилцох
            Талууд өөрсдийн бололцоогоо харгалзан ган, цөлжилийн явц, нөлөөг үнэлэх, тэдгээрийг илүү гүнзгий ойлгох, нэрвэгдсэн газар нутгуудад газрын доройтлын байдалд байнгын ажиглалт судалгаа явуулах зорилгоор урт, богино хугацааны холбогдох мэдээ, мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцох ажлыг уялдуулах, нэгдмэл болгох талаар тохиролцоно. Үүний үр дүнд бүх түвшний ашиглагчид, ялангуяа орон нутгийн хүн амд хэрэглэхэд тохиромжтой хэлбэрээр уур амьсгалын хэлбэлзэлийн тааламжгүй үеүдийг урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх, түүнд урьдаас бэлтгэх боломжтой болно. Энэ зорилгоор тэдгээр нь зохих ёсоор:
            а) мэдээллэл цуглуулж дүн шинжилгээ хийх, солилцох, мөн бүх түвшинд байнгын ажиглалт, судалгаа явуулах үүрэг бүхий байгууллага, албадын дэлхийн сүлжээний үйл ажиллагааг бэхжүүлэх, дэмжх тэдгээр нь тухайлбал:
                            i.  жиших боломжтой норм, норматив, тогтолцоог хэрэглэхийг эрмэлзэх;
                           ii.  алс бөглүү нутгууд дахь өртөө, харуул болон холбогдох мэдээ сэлтэд анхаарал тавих;
                          iii.  газрын торойтлын талаархи мэдээг үнэлэх, цуглуулах, дамжуулах орчин үеийн технологийг дэлгэрүүлэх, ашиглах;
                         iv.  үндэсний, дэд бүсийн болон бүс нутгийн мэдээллийн төвүүдийг дэлхийн мэдээллийн эх үүсвэртэй нягт холбох;
            б) онцгой асуудлуудыг шийдвэрлэх юмуу энэ үйл ажиллагаанд орон нутгийн үүсгэл санаачилгын байгууллагууд, шийдвэр гаргагч нарын хэрэгцээ шаардлагыг хангах талаар мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцох явдлыг дэмжих;
            в) физик, биологи, нийгэм-эдийн засгийн үзүүлэлтүүдийг багтаасан тоо баримт, мэдээлэл солилцоход чиглэсэн хоёр ба олон талын хөтөлбөр, төслүүдийг цаашид боловсруулж хэрэгжүүлэх явдлыг дэмжих;
            г) зохих мэдээлэл, туршлагыг янз бүрийн бус нутгууд дахь ашиглагч нарын дунд дэлгэрүүлэх зорилгоор нэр хүнд бүхий засгийн газар хоорондын ба төрийн бус байгууллагуудын мэдээллийг бүрэн дүүрэн ашиглах;
            д) нийгэм-эдийн засгийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцоход зохих анхаарал тавих, мөн тэдгээрийг физик, биологийн мэдээ сэлттэй уялдуулах;
            е) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад хамаарах мэдээллийн бүх эх сурвалжццдыг нээлттэй байлгах, тэдгээрийг бүрэн дүүрэн мэдээллээр хангах, тэдгээрийг солилцох;
            ё) үндэсний холбогдох хууль тогтоомж, бодлогын дагуу орон нутгийг уламжлалт мэдлэг, туршлагын тухай мэдээллийг солилцох, тэдгээрийг зохих ёсоор хамгаалах, мөн тэдгээрийг ашигласнаас олон үр ашигийг тухайн орон нутгийн хүн амд эрх тэгш, харилцан тохиролцсоны үндсэн дээр хүртээх.
17 дугаар зүйл
Судалгаа ба боловсруулалт
            1. Талууд өөрсдийнхөө боломжийг харгалзан үндэсний, дэд бүс, бүс нутаг, олон улсын байгууллагуудаар дамжуулан цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах салбар дахь шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй. Энэ зорилгоор судалгаа шинжилгээний дараах үйл ажиллагааг дэмжинэ:
            а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, мөн байгалийн нөөцийг менежмент хийх, тэдгээрийг зүй зохистой ашиглах үүднээс ган, цөлжилд хүргэж байгаа үйл явц, хүний болоод байгалийн хүчин зүйлийн нөлөө, тэдгээрийн хоорондын ялгааны талаархи мэдлэгийг арвижуулахад хувь нэмэр оруулах;
            б) нэрвэгдсэн нутаг орон хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн зорилгод хариу өгөх, орон нутгийн хүн амын тодорхой хэрэгцээг хангах асуудлыг шийдвэрлэж чадах арга хэмжээнүүдийг тодруулж хэрэгжүүлэх;
            в) үндэснийхээ холбогдох хууль тогтоомж, бодлогын хүрээнд орон нутгийн ба уламжлалт мэдлэг, нау-хау, арга ажиллагааг хамгаалах баяжуулах, батбагаажуулах, эдгээр мэдлэг, туршллагын эзэд тэдгээрийн худалдсан юмуу ашиглан гаргаж авсан технологиос олсон үр ашгийн харилцан тохиролцсон, эрх тэгш үндсэн дээр шууд хүртэх нөхцөлийг хангах;
            г) Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад, ялангуяа Африкт эрдэм шинжилгээний бааз муутай орнууд нийгэм-эдийн засгийн олон талт судалгаанд илүү анхаарал хандуулж орон нутгийн ур чадварыг хөгжүүлэх, чадвхийг бэхжүүлэх үндэсний, дэд бүсийн ба нутгийн эрдэм шинжилгээний чадавхийг буй болгож бэхжүүлэх;
            д) цөлжилт, экологийн хүчин зүйлийн улмаас бий болсон ядуурал, нүүдлийн хоорондын уялдаа холбоог авч үзэх;
            е) орон нутгийн хүн ам, үүсгэл санаачилгын байгууллагуудын идэвхитэй оролцоотойгоор тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн боловсронгуй, хямд төсөр технологийг хөгжүүлэх талаар үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн ба олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан судалгааны хөтөлбөрүүдийг улсын болоод хувийн секторт хэрэгжүүлэх явдлыг дэмжих;
            ё) үүлэнд зориуудаар нөлөөлөх замаар нэрвэгдэж буй газар нутгууд дахь нөөцийг аривжуулах;
            2. Орон нутгийн онцлог байдлыг тусгасан, тодорхой дэд бүс, бүс нутгуудад тэргүүн ээлжинд явуулах шинжилгээний ажлын чиглэлүүд нь үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд орсон байх ёстой. Талууд Бага хурал шинжлэх ухаан, техникийн хорооны зөвлөснөөр тэргүүн ээлжинд явуулах эрдэм шинжилгээний ажлын чиглэлүүдийн тоймыг тогтмол гаргаж байна.
18 дугаар зүйл
Технологи боловсруулах, дамжуулах,
хүлээн авах, нэвтрүүлэх
            1. Талууд нарилцан тохиролцсон болон үндэснийхээ хууль тогтоомж, бодлогын дагуу нэрвэгдэж буй орнуудын тогтвортой хөгжилд тус дэм үзүүлэх зорилгоор, цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад тохирох, экологийн хувьд цэвэр, эдийн засгийн хувьд найдвартай, нийгмийн хувьд тохирох технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, олж авах, зохицуулах ажлыг санхүүжүүлэх асуудлыг хөнгөвчлөх, санхүүжүүлэх, хөхүүлэн дэмжих үүрэгтэй. Тийм хамтын ажиллагаа нь засгийн газар хоорондын ба төрийн бус мэдлэгийг бүрэн ашиглах хоёр талын болон олон талын үндсэн дээр хэрэгжинэ.Үүний тулд Талууд:
            а) улс үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд одоо хэрэглэж байгаа мэдээллийн тогтолцоо ба технологи, түүний байгаль орчинд үзүүлж болох сөрөг нөлөө, олж авах нөхцөлийн талаар мэдээлэл түгээх механизмууд зэргийг бүрэн ашиглах;
            б) ялангуяа Конвенцид оролцогч Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад харилцан тохиролцсоны үүднээс дээр оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагыг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх, найр тавих зэрэг тааламжтай нөхцөлд, тухайн технологийн нийгэм, соёл, эдийн засаг, байгаль орчны хөлөөг онцгой анхаарч, орон нутгийн хүн ам онцгой хэрэгцээтэй, амьдралд хэрэглэхэд хамгийн тохиромжтой технологийг олж авах боломжийг бүрдүүлэх;
            в) нэрвэгдэж байгаа Талуудын хоорондын технологийн хамтын ажиллагааг санхүүгийн тусламж үзүүлэх болон бусад арга замаар хөнгөвчлөх;
            г) нэрвэгдэж буй Талуудтай хамтарсан үйлдвэр, ялангуяа амжиргааны хувилбарыг дэмждэг салбарт техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
            д) оюуны өмчийн эрхийг зохих ёсоор хамгаалах арга хэмжээг оролцуулан тохирох технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг боловсруулах, дамжуулах, хүлээн авах, нэвтрүүлэхэд тус дэм болох дотоодын зах зээлийн нөхцөл, санхүүгийн хөшүүргийг бий болгох талаар холбогдох арга хэмжээнүүдийг авах;
           
            2. Талууд үндэснийхээ хууль эрх, бодлогын дагуу чадавхаа харгалзан холбогдох уламжлалт болон нутгийн технологи, мэдлэг ноу-хау, арга ажиллагааг ашиглах, хөхүүлэн дэмжих, хамгаалах талаар доорхи үүргийг хүлээнэ. Үүнд:
            а) орон нуигийн хүн амын оролцоотойгоор тийм технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагаа, тэдгээрийг ашиглах боломжийн талаар бүртгэл хөтөлж мэдээллийг холбогдох засгийн газар хоорондын ба төрийн бус байгууллагуудтай хамтран зохих газар нь дэлгэрүүлэх;
            б) тийм технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг зохих ёсоор хамгаалах арга хэмжээ авч тэдгээрийг боловсруулснаас юмуу худалдсанаас олсон аливаа ашгийг орон нутгийн ард түмэн эрх тэгш, харилцан тохиролцсоны үндсэн дээр шууд хүртэх боломжийг бүрдүүлэх;
            в) тийм технологи, мэдлэг, нау-хау, ажиллагаа болон тэдгээрийг ашиглан гаргаж авсан шинэ технологийг боловсронгуй болгох, дэлгэрүүлэх явдлыг идэвхтэй дэмжиж хөхүүлэн урамшуулах;
            г) тийм технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг амьдралд өргөн нэвтрүүлэх, тэдгээрийг орчин үеийн технологитой хослуулах явдлыг зохих ёсоор дэмжих.

3 ДУГААР БҮЛЭГ: ДЭМЖИХ
АРГА ХЭМЖЭЭ
19 дүгээр зүйл
Үндэсний чадавхийг бий болгох, боловсрол,
олон нийтийн сурталчилгаа

            1. Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хүчин чармайлтын хүрээнд орон нутагт бүтэц зохион байгуулалт бий болгох, сургалт явуулах, үндэсний болон нутгийн чадавхийг бэхжүүлэхийн чухлыг Талууд хүлээн зөвшөөрч байна. Тэд үндэсний чадавхийг бий болгох явдлыг зохих ёсоор дэмжихийн тулд:
            а) орон нутгийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор бүхий л түвшинд ялангуяа орон нутгийн түвшинд нутгийн хүн амыг дотор эмэгтэйчүүд, залуучуудыг бүрэн оролцуулах;
            б) цөлжилт, гангийн талаар үндэснийхээ сургалт, эрдэм шинжилгээний чадавхийг бэхжүүлэх;
            в) холбогдох арга, технологийг үр дүнтэй дэлгэрүүлэх ажлыг дэмжиж, өргөжүүлэх албадыг байгуулж бэхжүүлэх, хөдөө орон нутгийн байгууллага, хүмүүсийг байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалахад оролцуулах талаар сургах;
            г) орон нутгийн ард түмний мэдлэг, ноу-хау, арга ажиллагааг дэлгэрүүлэх, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд ашиглах явдлыг дэмжих;
            д) хөдөө аж ахуй, билчээрийн мал аж ахуй эрхлэх байгаль орчинд зохицсон уламжлалт арга технологийг орчин үеийн нийгэм-эдийн засгийн нөхцөл байдадл тохируулах;
            е) модыг түлшинд хэрэглэх явдлыг багасгах зорилгоор эрчим хүчний адил төстэй эх үүсвэрүүдийг, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах технологи нэвтрүүлэх, энэ талаар сургалт явуулах;
            ё) Конвенцид оролцогч Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд 16 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, солилцох талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран ажиллах;
            ж) шинээр ур чадвар эзэмшихэд сургах зэргээр амьжиргааны адил төстэй эх үүсвэрийг шинэлэг байдлаар дэмжих;
            з) шийдвэр гаргагч нар, менежерүүд болон түүнчлэн ганг урьдчилан мэдээлэхэд шаардагдах мэдээллийг цуглууж дүн шинжилгээ хийж түгээх, болоод хүнсний үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан хүмүүсийг сургах;
            и) үндэснийхээ одоогийн бүтэц зохион байгуулалт, хууль эрхзүйн хүрээг илүү үр дүнтэй ажилуулах, шаардлагатай бол бодлого төлөвлөлт, менежментийг бэхжүүлэх бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйг шинээр бий болгох;
            к) Конвенцид нэгдэн орсон нэрвэгдэж буй орнуудын үндэсний чадавхийг урт хугацаанд харилцан суралцах, судлах үйл ажиллагаагаар бий болгох зорилгоор харилцан мэргэжилтэн солилцох арга хэмжээ авах.
           
            2. Конвенцид оролцогч Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд бусад Талууд, эрх мэдэл бүхий Засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран үндэсний болоод орон нутгийн чадавхи, түүнийг бэхжүүлэх боломжийг бүх талаас нь хянан үзэх.
           
            3. Энэхүү Конвенцийн зорилтыг биелүүлэхийн ач холбогдол, цөлжилт, гангийн шалтгаан, нөлөөний талаар олон нийтийн ойлголтыг сайжруулах зорилгоор оролцогч Талууд Засгийн газар хоорондын эрх мэдэл бүхий байгууллагуудаар дамжуулан өөр хоорондоо болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэрвэгдсэн хийгээд нэрвэгдээгүй Талуудын боловсрол, олон нийтийн сурталчилгааны хөтөлбөрийг дэмжих, хэрэгжүүлэх арга хэмжээ авна. Энэ зорилгоор тэд:
            а) өргөн олон нийтэд сурталчилах ажил явуулах;
            б) олон нийт зохих мэдээллийг олж авах, түүнчлэн сургалт, сурталчилгааны арга хэмжээнд олон нийтийг өргөн оролцуулах, тэдэнд холбогдох мэдээллийг олж авах боломж бий болгох явдлыг байнга дэмжих;
            в) олон нийтийн сурталчилгаа явуулах холбоод байгуулах явдлыг дэмжих;
            г) боловсрол, олон нийтийн сурталчилгааны материалыг аль болохоор нутгийн хэл дээр боловсруулж солилцох, Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудын боловсрол, олон нийтийн сурталчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүмүүсийг сургах мэрэгжилтнүүдийг томилон явуулах, солилцох, боловсролын талаар олон улсын эрх  мэдэл бүхий байгууллагуудад байгаа материалыг бүрэн ашиглах;
            д) цөлжилтөд нэрвэгдэж байгаа газар нутгуудын боловсорлын салбар дахь хэрэгцээг үнэлэх, сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийн байгалийн нөөцийг тогтоох, хамгаалах, тогтвортой ашиглах, менежмент хийх талаар бүх нийтийн боловсролын болон насанд хүрэгчдийг ялангуяа эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах хөтөлбөрийг өргөжүүлэх;
            е) ган, цөлжилтийн талаар олон нийтийн ойлголтыг сайжруулах үйл ажиллагааг боловсорлын системд нэгтгэх, албан бус сургалт, насанд хүрэгчид, эчнээ, дадлагын сургалтын хөтөлбөрүүдэд бүх салбар, хүмүүсийг оролцуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
           
            4. Талуудын Бага хурал цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах бүс нутгийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээг байгуулж бэхжүүлнэ. Эрдэмтэд, техникийн ажилтнууд, менежерүүдийг сургах, Конвенцид оролцогч нэрвэгдэж байгаа орнуудын сургалт, боловсролын байгууллагуудыг бэхжүүлэх, тэдгээрийн хооронд туршлага солилцуулах ажлыг зохион байгуулах, хөтөлбөрүүдийг уялдуулах үүднээс дээрх сүлжээнүүдийн үйл ажиллагааг энэ зорилгоор байгуулагдсан байгууллагаас зохицуулна. Хүчин чармайлтын аливаа давхардал гаргуулахгүйн тулд эдгээр сүлжээнүүд холбогдох засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
20 дугаар зүйл
Санхүүгийн нөөц

            1. Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд санхүүжилт гол ач холбогдолтой учир Талууд бололцоогоо харгалзан цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөрүүдээ санхүүгийн хүрэлцээтэй эх үүсвэрээр хангахад бүх хүч чармайлтаа тавина.
           
            2. Үүнэтэй холбогдуулан Конвенцийн Талууд болох хөгжингүй орнууд 7 дугаар зүйлд заасны дагуу Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй Африкийн орнуудыг тэргүүнд авч үзэхдээ бусад бүсүүд дэх Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудыг орхигдуулж болохгүй бөгөөд тэд энэ талаар доорхи үүргийг хүлээнэ. Үүнд:
            а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор хөнгөлттэй зээл, тусламж зэрэг санхүүгийн бодитой эх үүсвэрийг дайчлах;
            б) дэлхийн байгаль орчны санг байгуулах тухай баримт бичгийн зохих зүйл ангийн дагуу түүний дөрвөн гол салбарын цөлжилтэй холбоотой үйл ажиллагааны нэмэгдэл зардлын шинэ, нэмэлт санхүүжилтийг оролцуулан хүрэлцээтэй, цаг үеэ олсон, урьдаас мэдэж болох санхүүгийн эх үүсвэрүүдийг дайчлах;
            в) олон улсын хамтын ажиллагааны шугамаар технологи, мэдлэг, ноу-хау нэвтрүүлэх хөнгөвчлөх;
            г) Конвенцийд оролцогч Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудтай хамтран төрийн бус байгууллагууд, бусад хувийн секторын байгууллагуудаас олгож буй сангууд болон Конвенцийн Талууд болох нэрвэдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудын гадаад өрийн дарамтыг багасгах замаар санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, олоогийн өрийг барагдуулах тогтолцоо ба бусад шинэ хэрэгслүүдийг оролцуулан эх үүсвэрийг дайчлах, чиглүүлэх шинэ арга, хэрэгсэл, хөшүүргийг судлах.

            3. Конвенцийд оролцогч Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд өөрсдийнхөө бололцоог харгалзан, үндэснийхээ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хүрэлцээтэй эх үүсвэрийг дайчлах үүрэг хүлээнэ.

            4. Талууд санхүүгийн үүсвэрийг дайчлахдаа үндэсний, хоёр талын, олон талын бүхий л эх үүсвэрүүд, санхүүжүүлэх механизмуудыг бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзэх ба харилцан буулт хийх, хамтарсан хөтөлбөрүүд, зэрэгцээ санхүүжилтийг ашиглан тэдгээрийг чанарын хувьд байнга боловсронгуй болгож байх, мөн түүнчлэн төрийн бус байгууллагууд болон хувийн сектороос санхүүжилэх механизм, эх үүсвэрүүдийг татан оролцуулахыг эрмэлзэнэ. Талууд энэ зорилгоор 14 дүгээр зүйлд заасны дагуу бий болгосон шуурхай механизмуудыг бүрэн дүүрэн ашиглана.

            5. Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад шаардагдах санхүүгийн нөөцийг дайчлах зорилгоор Талууд:
            а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад зориуулан урьд өмнө нь хуваарилсан нөөцийн ашиглалтын байдалд дүгнэлт өгөх, тэдгээрийг үр ашигтай ашиглахад саад болж байгаа зүйлийг арилгаж илүү үр ашигтай зарцуулах, шаардлагатай бол хөтөлбөрийг энэхүү Конвенцийн дагуу хүлээн зөвшөөрсөн урт хугацааны хандлагад ницүүлэн өөрчлөн чиглүүлэх замаар нөөцийг зохицуулалтйг сайжруулж үр ашгийг нь дээшлүүлэх;
            б) олон улсын санхүүгийн байгууллагууд, сангууд түүний дотор бүс нутгийн хөгжлийн банк, сангуудын удирдах байгууллагуудын хүрээнд Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудад Конвенцийг хэрэгжүүлэх хавсралтын хүрээнд явуулж байгаа үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч тэдний анхаарлыг хандуулах;
            в) үндэсний түвшинд явуулж байгаа хүчин чармайлтыг дэмжихийн тулд бүсийн ба дэд бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлж болох замыг судлах.

            6. Конвенцийн бусад Талуудаас цөлжилтэй тэмцэх талаар мэдлэг, ноу- хау, технологи болон санхүүгийн нөөцийг Конвенцийн Талууд болох хөгжиж байгаа орнуудад сайн дурын үндсэн дээр олгох явдлыг хөхүүлэн дэмжих.

            7. Конвенцийн Талууд болох хөгжингүй орнууд Конвенциор хүлээсэн үүргээ тухайлбал, санхүүгийн нөөц, технологи нэвтрүүлэх талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх явдал Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнууд Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Конвенцийн Талууд болох хөгжингүй орнууд үүргээ биелүүлэхдээ Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжи, ядуурлыг устгах явдлыг нэн тэргүүнд харгалзан үзвэл зохино.
21 дүгээр зүйл
Санхүүгийн механизм

            1. Талуудын Бага хурал санхүүгийн механизмуудыг бий болгох ба Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудад зориулж санхүүгийн нөөцийг дээд зэргээр бий болгох тийм механизмуудыг хөхүүлэн дэмжих ёстой. Үүний тулд Талуудын Бага хурал дараахь бодлого, хандлагуудыг хэлэлцэж батлана. Үүнд:
            а) Конвенцийн холбогдох заалтуудыг биелүүлэх үйл ажиллагаанд зориулж улс үндэсий, дэд бүсийн, бүс нутгийн, дэлхийн нийтийн хэмжээнд хэрэгцээтэй санхүүгийн нөөцөөр хангахад тус дэм үзүүлэх;
            б) санхүүжилтийн олон тооны эх үүсвэрүүдийг ашиглах, мөн түүнчлэн 20 дугаар зүйлийн дагуу тэдгээрт үнэлэлт өгөх явдлыг авч үзсэн хандлага, механизмууд, хэлэлцээрүүдийг хөхүүлэн дэмжих;
            в) сонирхогч Талууд, зохих засгийн газар хоорондын ба төрийн бус байгууллагуудад тогтмол  байгаа санхүүгийн хэрэгслүүдийн эх үүсвэрүүдийн тухай тэрчлэн тэдгээрийн хоорондын зохицуулалтыг хөхүүлэн дэмжих зорилго бүхий санхүүжилтийн нөхцөлийн тухай мэдээллийг тогтмол өгч байх;
            г) нэрвэгдэн буй хөгжиж байгаа орнуудын орон нутагт санхүүгийн нөөцүүдийг үр ашигтай шуурхай чиглүүлэхийн тулд төрийн бус байгууллагуудыг оролцуулсан механизмуудыг багтаан цөлжилтэй тэмцэх зорилго бүхий үндэсний сангууд зэрэг механизмуудад зохих тус дөхөм үзүүлэх, болон;
            д) дэд бүс, бүс нутгийн түвшинд, ялангуяа Африкт, Конвенцийг илүү үр дүнтэй дэмжих явдлыг хангахын тулд одоо байгаа сангууд ба санхүүгийн механизмуудыг бэхжүүлнэ.

            2. Талуудын Бага хурал Нэгдсэн Үндэстний байгууллагын янз бүрийн механизмуудаар дамжуулан, мөн Конвенцийн Талууд болох хөгжиж байгаа орнуудад Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгох үйл ажиллагааг үндэсний дэд бүсийн ба бүс нутгийн түвшинд дэмжих, олон талын санхүүгийн албадаар дамжуулан дэмжлэг үзүүлэх явдлыг хөхүүлэн урамшуулна.

            3. Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, тэрчлэн шаардлагатай тохиолдлуудад одоо байгаа санхүүгийн бүх нөөцийг үр дүнтэй ашиглах явдлыг хангахуйц хөгжилийн үндэсний хөтөлбөрүүдэд багтсан, үндэсний зохицуулагч механизмуудыг бий болгон, бэхжүүлж ашиглана. Тэдгээр нь мөн түүнчлэн хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх, орон нутгийн хэсэг бүлгүүд санхүүгийн нөөцийг олж авах явдлыг хангахад төрийн бус байгууллагууд, орон нутгийн хэсэг бүлгүүд, хувийн секторыг аль болохоор татан оролцуулна. Тусламж үзүүлж байгаа тэдгээр Талуудын илүү үр дүнтэй зохицуулалт, хөтөлбөрийн тусламжтайгаар эдгээр үйл ажиллагааг улам сайжруулж болно.

            4. Байгаа санхүүгийн механизмуудын үр дүн, өгөөжийг нь өндөржүүлэх зорилгоор Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнуудад технологийг буцалтгүй буюу хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэх явдлыг багтаан санхүүгийн ихээхэн үүсвэрийг чиглүүлэх, дайчлахад хүргэх арга хэмжээнүүдэд тус дэм болох дэлхийн нийтийн механизмуудыг энэхүү зүйлийн заалт ёсоор бий болгоно. Энэ дэлхий нийтийн механизм нь Талуудын Бага хурлын захиргаа, удирдлагын дор үүргээ гүйцэтгэх ба түүний өмнө тайлагнана.

            5. Дэлхийн нийтийн механизм болох байгууллагыг Талуудын Бага хурал анхныхаа ээлжит чуулганаар тодорхойлно. Талуудын Бага хурал болон дэлхий нийтийн механизмын үүргийг хүлээж байгаа байгууллагын гүйцэтгэх нөхцлүүдийг тохиролцох бөгөөд тэрхүү механизм нь тухайлбал:
            а) Конвенцийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа зохих хоёр ба олон талын хамтын ажиллагааны хтөлбөрүүдийг илрүүлж бүртгэл хийх;
            б) санхүүгийн шинэ аргууд, санхүүгийн тусламжийн эх булаг, үндэсний түвшин дэх хамтын ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох талаар эрэлт хүсэлт байгаа нөхцөлд Талуудад зөвлөлгөө өгдөг байх;
            в) Зохих засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудад байгаа санхүүгийн хэрэгслийн тухай ба тэлдгээрийн хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгоход туслах зорилгоор сонирхогч Талуудад мэдээлэл өгдөг байх;
            г) Талуудын Бага хуралд түүний ээлжит хоёрдугаар чуулганаас эхлэн үйл ажиллагааныхаа тухай илтгэлүүд тавьдаг байх.
            6. Талуудын Бага хурал анхныхаа чуулган дээр аль болохоор байгаа төсөв ба хүмүүсийнхээ нөөцөд үндэслэн тийм механизмын захиргааны үүргээ гүйцэтгэх явдлыг хангах зорилгоор нийтийн механизмыг гүйцэтгүүлэхээр тодорхойлсон байгууллагуудад хамаарах зохих арга хэмжээнүүдийг авна.

            7. Талуудын Бага хурал ээлжит гуруавдугаар чуулганаараа 7 дугаар зүйлийн заалтыг харгалзан 4 дүгээр заалтын дагуу түүний өмнө тайлагнах ёстой дэлхийн механизмын бодлого, шуурхай байдал, үйл ажиллагааг авч хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлгийнхээ үндсэн дээр зохих арга хэмжээ авна.

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ
УДИРДАХ БАЙГУУЛЛАГА
22 дугаар зүйл
Талуудын Бага хурал


            1. Үүгээр Талуудын Бага хурлыг зохион байгуулна.

            2. Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн дээд байгууллага мөн. Талуудын Бага хурал нь өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд түүнийг үр ашигтай хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргана. Тухайлбал:
            а) Конвенцийн биелэлт болон, улс үндэстний, дэд бүсийн ба бүс нутгийн, олон улсын түвшинд мөн шинжлэх ухаан техник, технологийн мэдлэгийн хөгжлийн үндсэн дээр буй болж хуримтлагдсан туршлагын удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааны талаархи тоймыг тогтмол мэдээлж байна,
            б) Талуудын шийдвэрлэсэн арга хэмжээний тухай мэдээллийг солилцох явдлыг сайшаан дэмжиж хөнгөвчлөх, 26 дугаар зүйлийн заалтын дагуу мэдээлэл өгөх хэлбэр, хуваарийг тодорхойлох ба илтгэлүүдийг хянан үзэж тэдгээрийн дагуу зөвлөмж гаргана,
            в) Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай туслах байгууллагуудыг байгуулна,
            г) туслах байгууллагуудын илтгэлүүдийг хэлэлцэж, тэдгээрийн үйл ажиллагааг удирдана,
            д) өөрийн болон бусад бүх туслах байгууллагуудын үйл ажиллагааны болон санхүүгийн дүрмийг нийтийн тохиролцооны үндсэн дээр гаргана,
            е) 30, 31 дүгээр заалтын дагуу Конвенцид засвар оруулна,
            ё) өөрийнхөө болон туслах байгууллагуудынхаа хөтөлбөр, төсвийг баталж тэдгээрийг санхүүжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авна,
            з) шаардлагатай тохиолдолд үндэсний болон олон улсын, засгийн газар хоорондын ба төрийн бус шинжтэй эрх мэдэл бүхий байгууллагуудаас үзүүлсэн тусламж, өгсөн мэдээлийг ашиглаж тэдэнтэй хамтран ажиллана.
            и) өөр бусад холбогдох Конвенциудтай уялдаа холбоогоо бэхжүүлэх, дэмжих, гэхдээ тэдний хүчин чармайлтыг хуулбарлахаас зайлсхийнэ.
            й) түүнчлэн Конвенцийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал байж болох үүргийг гүйцэтгэнэ.

            3. Энэ Конвенцид урьдчилан шийдвэр гаргах журманд хамрагдаж чадаагүй асуудлаар гаргах шийдвэрийн журмыг өөртөө багтаасан журмыг Талуудын Бага хурал анхныхаа чуулганаар нийтийн тохиролцооны үндсэн дээр гаргана. Энэхүү журманд тодорхой шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай олонхийн тоог дурдаж болно.

            4. 36 дугаар зүйлд дурдсанаар Талуудын Бага хурлын анхны чуулганыг Түр нарийн бичгийн даргын газар зарлан хуралдуулах бөгөөд Конвенци хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш жилээс илүүгүй хугацаанд хуралдуулна. Хоёр, гурав, дөрөвдүгээр ээлжит чуулган жил бүр хуралдах бөгөөд харин дараах чуулган нь хэрэв Талуудын Бага хурал өөр шийдвэр гаргахгүй бол хоёр жилд нэг удаа хуралдана.

            5. Талуудын ээлжит бус Бага хурал ямар нэгэн өөр хугацаанд хуралдах шаардлага гарвал Талуудын Бага хурал ээлжит чуулганаараа буюу Талуудын аль нэг нь бичгээр хүсэлт гаргах тохиолдолд түүнийг байнгын нарийн бичгийн даргын газраас Талуудад энэ тухай мэдээлснээс хойш гурван сарын дараа Талуудын гурвны нэгээс доошгүй нь дэмжсэн байвал зохино.

            6. Талуудын Бага хурлын ээлжит чуулган бүр дээр Тэргүүлэгчдийг сонгоно. Тэргүүлэгчдийн бүтэц, үүрэг нь дүрмээр тодорхойлогдоно. Тэргүүлэгчдийг томилохдоо газарзүйн хуваарилалтыг шударгаар тэгш харгалзах, мөн ган болон цөлжилтөд адил төстэйгээр нэрвэгдэж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудыг тэнцүү хэмжээгээр оруулахад зохих анхаарал тавина.
           
            7. Нэгдсн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд, түүнчлэн эдгээр байгууллагуудын гишүүн ямар ч улс буюу Конвенцийн Тал бус өөр ямарч ажиглагч Талуудын Бага хурлын чуулган дээр ажиглагчаар оролцож болно. Конвенцийн үйл ажиллагааны хүрээнд хамаарах асуудлын талаар мэдлэг бүхий бөгөөд байнгын Нарийн бичгийн дарга нарын газарт Талуудын Бага хурлын чуулганд ажиглагчаар оролцох хүсэлтээ мэдэгдсэн ямарч байгууллага буюу албан газар үндэсний буюу олон улсын, засгийн газрын, төрийн бусыг харгалзахгүйгээр чуулганд ирж оролцож болох бөгөөд хэрэв оролцогч Талуудын наад зах нь гуравны нэг хувь нь татгалзаагүй байх хэрэгтэй. Ажиглагчдыг оролцуулах асуудал Талуудын Бага хурлаас гарагсан дүрмээр зохицуулагдана.

            8. Талуудын Бага хурал нь 16 дугаар зүйлийн ё) заалт, 17 дугаар зүйлийн 1в) заалт, 18 дугаар зүйлийн 2 б) заалтад хамаарах мэдээллийг өгөх асуудлаар хандаж болно.
23 дугаар зүйл
Байнгын нарийн бичгийн
Дарга нарын газар

            1. Байнгын Нарийн бичгийн дарга нарын газрыг үүгээр батлана.
           
            2. Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:
            а) Талуудын Бага хурлыг зохион байгуулж, Конвенцийн дагуу байгуулагдаж буй туслах албадыг байгуулах ба тэдгээрт зохих дэмжлэг үзүүлнэ,
            б) түүнд ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн танилцуулна.
            в) Конвенцийн Талууд болох хөгжиж байгаа орнуудад хамаарах ялангуяа Африкийн орнуудад, тэдний хүсэлтээр Конвенцийн шаардлагын дагуу мэдээллийг нэгтгэх, дамжуулахад туслах, тус дөхөм үзүүлэх;
            г) өөрийнхөө үйл ажиллагааг бусад холбогдох олон улсын байгууллага, Конвенциудын Нарийн бичгийн  дарга нарын газруудтай зохицуулах;
            д) Талуудын Бага хурлын удирдлагын дор түүний үйл ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэхэд шаардагдах захиргааны болон гэрээ хэлэлцээрийн холбогдолтой арга хэмжээнүүдийг авна.
            е) Энэхүү Конвенцийн дагуу үүрэг зорилтоо хэрхэн биелүүлж байгаа тухай илтгэл бэлтгэж Талуудын Бага хуралд оруулна.
            ё) Талуудын Бага хурлаас тодорхойлж болох Нарийн бичгийн дарга нарын үүрэгт холбогдолтой аливаа бусад үүргийг гүйцэтгэнэ.

            3. Талуудын Бага хурал анхныхаа чуулганаар байнгын нарийн бичгийн  дарга нарын газрыг томилж, түүний үүргээ хэрэгжүүлэх арга хэмжээг хангаж өгнө.
24 дүгээр зүйл
Шинжлэх ухаан техникийн хороо

            1. Цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахтай холбоо бүхий шинжлэх ухаан, техникийн асуудлаар зөвлөмж, Талуудын Бага хурал болон түүний туслах багууллагад өгч байх зорилгоор шинжлэх ухаан, техникийн хороог байгуулна. Энэхүү хорооны чуулган Талуудын Бага хурлын ээлжит чуулгантай хамт хуралдах, олон салбарыг хамарсан байх бөгөөд бүх Талуудад оролцох бололцоо олгоно.Түүний бүрэлдэхүүнд Засгийн газруудаас зохих салбарын мэдлэгтэй нэр хүнд бүхий төлөөлөгчид оролцоно. Талуудын Бага хурал анхныхаа чуулганаар хорооноос хийх ажлын хүрээг хамарсан шийдвэр гаргана.

            2. Талуудын Бага хурал холбогдох салбаруудын талаар мэдлэг, туршлага бүхий бие даасан мэрэгжилтэн, шинжээчдийн тоо, бүртгэлийг гаргаж хөтлөнө. Энэ бүртгэлийг олон салбарыг төлөөлж чадах болон газар зүйн төлөөллийг харгалзан үзэж Талуудаас ирүүлсэн бичгийг гаргана.

            3. Талуудын Бага хурал хэрэв зайлшгүй чухал гэж үзвэл тусгай асуудлаар мэдээлэл, зөвлөмж гаргах хороогоор дамжуулан Талуудын Бага хуралд цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах асуудалд хамаарах шинжлэх ухаан, техникийн мэдлэгийн салбаруудын өнөөгийн байдлын талаархи тодорхой мэдээлэл, зөвлөмж өгөх тусгай ажлын хэсгийг томилж болно. Энэ ажлын хэсэг нь мэдлэгийн олон салбар, газар зүйн төлөөллийг зайлшгүй тооцсон бүртгэлд орсон шинжээчдийн нэрсээс бүрдэнэ. Эдгээр шинжээчид орон нутагтаа эрдэм шинжилгээний болон практик ажлын туршлагатай байх бөгөөд хороодын зөвлөмжийн дагуу Талуудын Бага хурлаас томилно. Талуудын Бага хурлаас энэ ажлын хэсгийн удирдамж, ажиллах нөхцөлийн талаар шийдвэр гаргана.

25 дугаар зүйл
Удирдах байгууллага, албад ба байгууллагуудын
сүлжээ буй болгох тухай

            1. Шинжлэх ухаан, техникийн хороо Талуудын Бага хурлын удирдлагын дор энэ сүлжээнд хамрагдах хүсэлтэй одоо байгаа сүлжээ хүрээлэн, байгууллага, албадыг судалж үнэлэлт дүгнэлт өгнө. Тийм сүлжээ байх нь Конвенцийг хэрэгжүүлэх хүчин зүйл болно.

            2. нэг дүгээр заалтад дурдсан судалгаа, дүгнэлтийн үндсэн дээр шинжлэх ухаан, техникийн хороо нутаг, үндэсний болон бусад түвшинд Конвенцийн 16-19 дүгээр зүйлүүдэд заасан сэдэвчилсэн шаардлагыг хангах зорилго бүхий сүлжээг байгуулах, бэхжүүлэхэд тус дэм болох арга замын талаар Талуудын Бага хуралд зөвлөмж өгч байна.

            3. Талуудын Бага хурал эдгээр зөвлөмжийг харгалзан үзээд:
            а) сүлжээг буй болгоход илүү тохиромжтой үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн, олон улсын нэгж байгууллагыг тодорхойлж, тэдгээрт зориуулсан шуурхай үйл ажиллагаа, цагийн хуваарийг гаргаж зөвлөмж өгөх;
            б) иймэрхүү сүлжээг бүх түвшихд бий болгон бэхжүүлэхэд илүү тохиромжтой бүхий нэгж байгууллагыг тодруулна.
ТАВДУГААР ХЭСЭГ
ГОРИМ ЖУРАМ
26 дугаар зүйл
Мэдээлэл авах тухай

            1. Талууд Байнгын Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан Талуудын Бага хуралд энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай илтгэлүүдийг Бага хурлын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр оруулна. Талуудын Бага хурал тэдгээр илтгэлүүдийг бэлтгэх хэлбэр, хэлэлцүүлэх хуваарийг тогтооно.

            2. Конвенцийн Талууд болох нэрвэгдэж байгаа орнууд 5 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх ба түүнтэй холбоотой аливаа мэдээллийг агуулсан чиг бодлогын талаархи танилцуулгыг оруулж болно.

            3. Конвенцийн 9-15 дугаар зүйлийг гүйцэтгэхийн тулд үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Конвенцийн Тал болох нэрвэгдэж байгаа улс орнууд нь эдгээр хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой санал боловсруулж оруулна.

            4. Конвенцийн Тал болох нэрвэгдэж байгаа аливаа хэсэг бүлэг улс орон, дэд бүсийн ба бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ тухай хамтарсан мэдээллийг гаргаж ирүүлж болно.

            5. Конвенцийн Талууд болох хөгжингүй орнууд нь үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх туслах болон энэхүү Конвенцийн заалтын дагуу тэдгээрээс олгож байгаа болон олгох гэж байгаа санхүүгийн эх үүсвэрийн талаарх арга хэмжээний тухай илтгэлийг ирүүлнэ.

            6. 1-4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх талаар ирүүлсэн мэдээллийг Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар Талуудын Бага хуралд буюу байгууллагуудад аль болох яаралтай хүргүүлнэ.

            7. Талуудын Бага хурал нь Конвенцийн Талууд болон нэрвэгдэж буй хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудын хүсэлтээр энэхүү заалтын дагуу мэдээллийг бэлтгэж ирүүлэхэд нь техникийн болон санхүүгийн тусламж үзүүлэх, мөн түүнчлэн үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдсон техникийн ба санхүүгийн тусламжийн хэрэгцээг тодорхойлоход нь дэмжлэг үзүүлнэ.
27 дугаар зүйл
Хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх
арга хэмжээ

            Талуудын Бага хурал Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч асуудлуудыг шийдвэрлэх талаарх горим журмын болон удирдлага зохицуулалтын механизмыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
28 дугаар зүйл
Маргааныг зохицуулах

            1. Талууд нь тэдгээрийн хооронд Конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбогдон гарсан ямар ч маргааныг хэлцэл хийх буюу өөрсдийн сонгон авсан бусад эвийн аргаар зохицуулна.
           
            2. Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих үед буюу түүнд нэгдэн орох, мөн түүний дараа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бус аливаа Тал Конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбогдсон ямар ч маргааны тухай эх бичиг хадгаламжлагчид бичгээр дуртай цагтаа ирүүлж болох бөгөөд мөн тийм үүрэг өөртөө хүлээсэн бусад ямар ч талын маргааныг зохицуулахад дор дурдсан арга замын аль нэгийг буюу хоёуланг хүлээн зөвшөөрнө.
            а) Талуудын Бага хурлаас хавсралтаар шийдвэрлэн гаргасан дүрэм журмын дагуу аль болох богино хугацаанд арбитраар хэлэлцүүлэх;
            б) Маргааныг олон улсын шүүхэд шилжүүлэх.

            3. Конвенцийн Тал болох бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага 2 дугаар заалтын а)-д дурдсан журмын дагуу арбитрийн шүүн шийдвэрлэсэнтэй төстэй мэдэгдэл гаргаж болно.

            4. 2 дугаар заалтын дагуу хийсэн мэдэгдэл түүний нөхцөл болзлын дагуу хүчинтэй байх хугацаа дуусах хүртэл буюу мөн түүнийг буцааж авах тухай сануулгыг эх бичвэр Хадгалагчид бичгээр өгснөөс хойш гурван сарын турш хүчин төгөлдөр байна.

            5. Мэдэгдлийн хүчинтэй байх хугацаа дуусах, түүнийг буцааж авах буюу шинээр мэдэгдэл хийх зэрэг нь хэрэв Талууд маргааныхаа явцад өөр байдлаар тохиролцоогүй бол Олон улсын шүүх болон арбитрийн шүүхэд хянагдаж буй хэргийг үл хөндөнө.

            6. Хэрэв Талууд маргаандаа 2 дугаар заалтын дагуу түүнтэй төстэй буюу өөр ямар ч дүрэм журам гаргаагүй бол, хэрэв нэг тал нөгөө талдаа тэдгээрийн хооронд маргаан байгааг мэдэгдсэнээс хойш арван хоёр сарын туршид маргаанаа зохицуулж чадаагүй бол, тэдгээр аль нэг талын хүсэлтээр эвлэрэн зохицох боломж байгаа талаар Талуудын Бага хурлаас хавсралтанд тогтоосон дүрэм, журмын дагуу мэдэгдэл хийнэ.

29 дүгээр зүйл
Хавсралтын зэрэг дэв

            1. хавсралт бол энэхүү Конвенцийн салшгүй хэсэг бөгөөд хэрэв өөрөөр заагаагүй бол энэхүү Конвенциос иш татах нь мөн түүний хавсралтаас иш татаж байгаа хэрэг болно.

            2. Талууд хавсралтын заалтуудад энэхүү Конвенцийн заалтуудаас урган гарч буй талуудын эрх, үүрэгт нийцсэн тайлбарыг өгнө.

30 дугаар зүйл
Конвенцийд засвар хийх тухай

            1. Аль ч Тал Конвенцид засвар хийх санал оруулж болно.

            2. Конвенцид Талууд ээлжит чуулган дээр засвар оруулна. Байнгын нарийн бичгийн дарга нарын газар түүнийг хэлэлцүүлэн шийдвэрлэх хуралдаан эхлэхээс зургаан сарын өмнө санал болгож буй ямарваа засварыг Талуудад хүргүүлэн. Байнгын нарийн бичгийн дарга нарын газар, түүнчлэн засвар оруулах саналын эхийг Конвенцид гарын үсэг зурсан Талуудад хүргүүлнэ.

            3. Талууд нийтийн тохиролцооны үндсэн дээр Конвенцид ямар нэгэн засвар оруулах талаар тохиролцоонд хүрэхийн тулд бүхий ч хүчин чармайлт тавина. Хэрэв нийтийн тохиролцоонд хүрэх бүхий л боломжоо шавхаад тохиролцож чадахгүй бол эцсийн арга хэмжээ болгож хуралдаанд оролцож санал өгсөн Талуудын гуравны хоёр болох дийлэнх олонхийн саналаар засварыг батлана. Байнгын нарийн бичгийн дарга нарын газар баталсан засварыг Эх бичвэр Хадгалагчид өгөх ба тэрээр уг засварыг батламжлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих, санал нэгдүүлэхээр Талуудад хүргүүлнэ.

            4. Батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдсэн тухай баримт бичгийг хадгалуулахаар Эх бичвэр Хадгалагчид өгнө. 3 дугаар зүйлийн дагуу баталсан засварыг түүний батлах үед нэгдэн орсон . Конвенцийн Талуудын наад зах нь гуравны хоёрын батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу санал нэгдсэн тухай баримт бичгийг Эх бичвэр Хадгалагчид хүлээн авсан өдрөөс хойш ер дэх хоног дээр хүчин төгөлдөр болно.

            5. Тухайн Тал засварыг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу санал нэгдсэн тухай баримт бичгээ Эх бичвэр Хадгалагчид халгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх өдөр уг засвар аливаа нэг өөр Талын хувьд хүчин төгөлдөр болно.

            6. Энэхүү зүйл ба 31 дүгээр зүйлийн хувьд “Талуудын санал хураалтанд оролцогч буюу байлцагч” гэдэг нь санал хураалтанд оролцож “дэмжиж байгаа” буюу “татгалзаж байгаа”  Талуудыг нэлнэ.

31 дүгээр зүйл
Хавсралтуудыг хүлээн зөвшөөрөх ба
тэдгээрт оруулах засвар

            1. Конвенцийн аливаа нэмэлт хавсралт ба бусад ямар ч хавсралтад оруулах засварыг 30 дугаар зүйлд дурдсан Конвенцид засвар оруулах дүрэм журмын дагуу гүйцэтгэх бөгөөд гэхдээ бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралтыг хүлээн зөвшөөрөх болон тэдгээрт засвар оруулахад энэ зүйлд заасны дагуу тухайн бүс нутгаас санал хураалтанд байлцаж оролцсон Талуудын гуравны хоёрын олонхийн саналыг авсан байх шаардлагатай. Эх бичвэр Хадгалагч хавсралтыг хүлээн зөвшөөрсөн буюу түүнд засвар оруулсан тухай бүх Талуудад мэдээлнэ.

            2. бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралтууд ба тэдгээрт оруулах засваруудаас бусад 1 дүгээр заалтын дагуу хүлээн зөвшөөрсөн аливаа хавсралт болон засварууд нь бичвэр Хадгалагчаас тэдгээр Талуудад тийм хавсралт буюу засварыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдээлсэн өдрөөс хойш зургаан сарын дараа тухайн хавсралт болон засварыг хүлээн зөвшөөрөөгүй тухайгаа Эх бичвэр Хадгалагчид мөн хугацаанд бичгээр мэдэгдсэн Талуудаас бусад бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно. Харин тухайн хавсралт болон засварыг хүлээн зөвшөөрөөгүй тухай мэдэгдлээ буцаан авч байгаа Талуудын хувьд мэдэгдлээ буцаан авч байгаа тухай тэдгээр Талуудын бичгийг Эх бичвэр Хадгалагчид хүлээн свсан өдрөөс хойш ер хоног дээрээ тухайн Талуудын хувьд хүчин төгөлдөр болно.

            3. 1 дүгээр заалтын дагуу хүлээн зөвшөөрсөн бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх аливаа нэмэлт хавсралт буюу түүнд оруулсан аливаа засвар нь Конвенцийн бүх Талуудын хувьд Эх бичвэр Хадгалагчаас тэдгээр Талуудад уг хавсралт буюу засварыг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдлийг явуулснаас хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно. Энэ нөхцөл доорхи Талуудад үл хамаарна. Үүнд:
            а) Бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралт буюу түүнл оруулах засварыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа зургаан сарын хугацаанд Эх бичвэр Хадгалагчид бичгээр мэдэгдсэн аливаа Талууд болон уг хавсралт буюу засварыг хүлээн зөвшөөрөөгүй тухай мэдэгдлээ буцааж авсан Талуудын хувьд тэдгээрийн мэдэгдлийг Эх бичвэр Хадгалагчид хүлээж авсанаас хойш ер хоног дээр хүчин төгөлдөр болно.
            б) 34 дүгээр зүйлийн 4 дүгээр заалтын дагуу бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх нэмэлт хавсралтууд буюу тэдгээрт оруулах засварын тухай мэдэгдэл өгсөн аль ч Талуудын хувьд уг хавсралт буюу засвар нь тэдгээрийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгээ Эх бичвэр Хадгалагчид хадгалуулахаар өгснөөс хойш 90 дэх хоног дээрээ хүчин төгөлдөр болно.

            4. Хэрэв хүлээн звшөөрсөн хавсралт буюу түүнд оруулсан засвар нь Конвенцид засвар оруулахтай холбоотой бол хавсралт буюу засвар нь зөвхөн Конвенцид оруулсан засвар хүчинтэй болсны дараа хүчин төгөлдөр болно.

32 дугаар зүйл
Санал өгөх эрх

            1. 2 дугаар заалтад авч үзсэнээс бусад тохиоолдолд Конвенцийн Тал тус бүр нэг санал өгнө.

            2. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нь эрх мэдлийнхээ хүрээнд хамаарах асуудлаар Конвенцийн Талууд болох гишүүн улсуудынхаа тоотой тэнцүү тооны саналтай байж санал өгөх эрхээ хэрэгжүүлнэ. Хэрэв гишүүн улсуудын аль нэг нь санал өгөх эрх эдлэж байгаа тохиоолдолд тэдгээрийн байгууллагууд санал өгөх эрхийг эдлэхгүй ба үүний эсрэг байна.

ЗУРГАДУГААР ХЭСЭГ
ШУВТРАГЫН АЖИЛЛАГАА
33 дугаар зүйл
Гарын үсэг зурах

            Уг Конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд, түүний аль ч төрөлжсөн байгууллагууд болон Олон улсын Шүүхийн Статус бүхий Талууд ба бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд 1994 оны 10 дугаар сарын 14-15-нд Париж хотноо гарын үсэг зурхад нээлттэй байна. Үүний дараа 1995 оны 10 дугаар сарын 13 хүртэл Нью-Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй үлдэнэ.
34 дүгээр зүйл
Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх,
сайшаан дэмжих ба нэгдэн орох

            1. Конвенцийг батламжлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих буюу нэгдэх асуудлыг улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд хариуцна. Конвенцид гарын үсэг зурах ажиллагаа дууссаны маргааш нь түүнд нэгдэн орох явдал нээлттэй болно. Батламжилсан, хүлээн зөвшөөрсөн сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Эх бичвэр Хадгалагчид хадгалуулахаар өгнө.
            2. Нэг ч гишүүн улс нь Конвенцийн Тал болоогүй үед Конвенцийн Тал болж буй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны ямар ч байгууллага Конвенциос урган гарах бүхий л үүргийг хүлээнэ. Тийм байгууллагын нэг буюу хэд хэдэн гишүүн улс мөн Конвенцийн Талууд бол ийм тохиоолдолд энэ байгууллага болон түүний гтшүүн улсууд Конвенциос урган гарах өөрийн үүргийг биелүүлэхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргана. Тийм тохиоолдолд байгууллага болон гишүүн орнууд нь Конвенциос урган гарч байгаа эрхийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй.

            3. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нь батламжлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих буюу нэгдх тухай баримт бичигтээ Конвенциор зохицуулагдах асуудлуудаар өөрийнхөө эрх мэдлийн хэр хэмжээг мэдэгдэнэ. Тэдгээр нь энэ тухайгаа зохих ёсоор эх бичвэр Хадгалагчид дариу мэдээлэх бөгөөд тэрээр Талуудад тэдгээрийн эрх мэдлийн хүрээнд гарсан аливаа өөрчлөлтийн талаар мэдээлнэ.

            4. Аль ч Тал соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай баримт бичигтээ түүнд хамаарах бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх аливаа нэмэлт хавсралт буюу бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх аливаа хавсралтанд оруулах аливаа засварын хувьд тэдгээрийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөнөөс хойш хүчин төгөлдөр болох тухай мэдэгдэж болно.


35 дугаар зүйл
Түр механизм

            Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1992 оны 12 дугаар сарын 22-ны 47/188 тогтоолоор түр хугацаагаар байгууллагдсан Нарийн бичгийн дарга нарын газар нь 23 дугаар зүйлд заасан нарийн бичгийн дарга нарын үүргийг Талуудын Бага хурлын анхдугаар чуулган дуустал гүйцэтгэнэ.

36 дугаар зүйл
Хүчин төгөлдөр болгох тухай

            1. Конвенц нь батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу нэгдэн орсон тухай тавь дахь баримт бичгийг Эх бичвэр Хадгалагчид өгсөнөөс хойш ер дэх хоног дээрээ хүчин төгөлдөр болно.

            2. Конвенцийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу түүнд нэгдэн орсон алива улс орон ба бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн буюу түүнд нэгдэн орсон тухай тавь дахь баримт бичгийг Эх бичвэр Хадгалагчид өгсөнөөс хойш өөрийнхөө баримт бичгийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, сайшаан дэмжсэн болон түүнд нэгдэн орсон улс орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын байгууллагын хувьд хадгалуулахаар өгсөнөөс хойш ер дэх хоног дээрээ Конвенц хүчин төгөлдөр болно.

            3. 1 ба 2 дугаар заалтуудын хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын байгууллагаас Эх бичвэр Хадгалагчид өгсөн ямарч баримт бичгийг энэ байгууллагын гишүүн улсуудаас Эх бичвэр Хадгалагчид өгсөн нэмэлт баримт бичиг гэж үзэхгүй.

37 дугаар зүйл
Нэмэлт тайлбар

            Энэхүү Конвенцид ямар нэгэн нэмэлт тайлбар хийхгүй.



38 дугаар зүйл
Конвенциос гарах

            1. Аль нэг Тал Конвенцид элссэн нь хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн туршид дуртай цагтаа эх бичвэр Хадгалагчид бичгээр мэдэгдэл өгч Конвенциос гарч болно.

            2. Конвенцийн Эх бичвэр Хадгалагчид мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд эсвэл гарах тухай мэдэгдлд заасан хугацаанд Конвенциос гаргах асуудал шийдэгдэнэ.
39 дүгээр зүйл
Эх бичвэр хадгалах

            Конвенцийн эх бичвэрийг хадгалах үүргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээнэ.
40 дүгээр зүйл
Ижил эх бичвэр


            Энэхүү Конвенцийн жинхэнэ эх бичвэр нь Англи, Араб, Испани, Хятад, Орос, Франц хэл дээр цөм адил хүчинтэй үйлдэгдсэн бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдана.
            Үүнийг нотолж зохих бүрэн эрх бүхий дор нэр дурдсан төлөөлөгчид энэхүү Конвенцид гарын үсэг зурав.
            Нэг мянга есөн зуун ерэн дөрвөн оны зургаадугаар сарын арван долоонд Парижид үйлдэв.
НЭГ ДҮГЭЭР ХАВСРАЛТ

КОНВЕНЦИЙГ АФРИКИЙН БҮС НУТАГТ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАВСРАЛТ

1ДҮГЭЭР ЗҮЙЛ
ХАМРАХ ХҮРЭЭ
            Энэхүү хавсралтыг Талууд Африкт Конвенцийн дагуу  тухайлбал түүний 7-р зүйлийн дагуу цөлжилтэй тэмцэх, хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт гангийн нөлөөг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
2 ДУГААР ЗҮЙЛ
ЗОРИЛГО

            Африкийн улс үндэстэн, дэд бүс, бүс нутгийн түвшин дэхь энэхүү хавсралтын зорилго түүний нөхцөлүүд нь:
            а) Конвенцийн зохих заалтын дагуу авах арга хэмжээ, тохиролцоо түүний дотор Конвенцийн Талууд болох хөгжингүй орнуудаас үзүүлж байгаа тусламжийн явц байдлыг тодорхойлох;
            б) Африкийн онцгой нөхцөлийг харгалзан Конвенцийг амьдралд үр ашигтай хэрэгжүүлэх явдлыг хангах;
            в) Африкийн хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутгуудад цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахтай холбоотой үйл явц, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх.
3 ДУГААР ЗҮЙЛ
АФРИКИЙН БҮС НУТГИЙН
ОНЦГОЙ НӨХЦӨЛ

            Конвенциор хүлээсэн үүргийнхээ дагуу Талууд энэхүү хавсралтыг хэрэгжүүлэхдээ Африкийн дор дурдсан онцгой нөхцөлийг харгалзах иж бүрэн хандлагыг баримтлана. Үүнд:
            а) хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутгуудын эзлэх хувь их;
            б) цөлжилт ба байнга давтагдах гангийн аюулд нэрвэгдэж байгаа улс орон, хүн амын тоо их;
            в) нэрвэгдэж буй далайд гарцгүй орон олон;
            д) илүү ихээр нэрвэгдэж буй орнуудад ядуурал ихтэй, тэдгээрийн дийлэнхийг буурай хөгжилтэй орнууд эзэлж байгаа бөгөөд эдгээр орнуудад хөгжлийнхөө зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үлэмж хэмжээний тэтгэлэг, хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр гадны тусламж хэрэгцээтэй байгаа;
            е) улам бүр доройтож, хувиран өөрчлөгдөж байгаа худалдааны нөхцөл, гадаад өр, улс төрийн тогтворгүй байдлын улмаас нийгэм-эдийн засгийн байдал хүндэрсэн, энэ нь дотроо болон бүс нутаг, олон улсын хэмжээнд нүүдэллэн шилжихэд хүргэж байгаа;
            ё) Хүн амын амжиргаа нь байгалийн баялагтай нягт хамааралтай бөгөөд хүн ам зүйн хандлага, технологийн суурь муу, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа үр ашиг муутай зэргээс байгалийн нөөцийг тноцтой доройтолд оруулж байгаа;
            ж) бүтэц зохиоон байгуулалт, эрх зүйн үндсэн хангалтгүй, дэд бүтцийн хөгжил сул дорой, шинжлэх ухаан, техник, боловсролын чадавхи муу зэргээс үндэсний чадавхийг үлэмж хэмжээгээр бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа;
            з) цөлжилтэй тэмцэх болон гангийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа нь нэрвэгдэж буй Африкийн орнуудын үндэсний хөгжилийн нэн тэргүүний арга хэмжээний дотор гол байр эзлэж байгаа болно.
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ
КОНВЕНЦИЙН ТАЛУУД БОЛОХ
АФРИКИЙН ОРНУУДЫН ҮҮРЭГ

            1. Конвенцийн Талууд болох Африкийн орнууд өөрсдийнхөө боломжийг харгалзан доорхи үүргийг хүлээнэ:
            а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах явдлыг ядуурлыг арилгахад чиглэсэн хүчин чармайлтынхаа хүрээнд нэг гол стратеги болгох;
            б) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд харилцан сонирхолд үндслэсэн эв нэгдэл, түншлэлийн уур амьсгалыг бий болгох үүднээс бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;
            в) ган, цөлжилтийн асуудлыг эрхэлж буй байгууллага, албадыг боловсронгуй болгож бэхжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, нөөцийг илүү үр дүнтэй ашиглах явдлыг хангахын тулд бусад байгууллага, албадуудыг татан рорлцуулах;
            г) бүс нутгийн улс орнуудын хооронд холбогдох технологи, мэдлэг, ноу-хау, арга ажиллагааны талаар мэдээлэл солилцоход тус дөхөм үзүүлэх;
            д) ган, цөлжитөд нэрвэгдсэн газар нутгуудад гангийн нөлөөг бууруулах тусгай төлөвлөгөө боловсруулах.
           
            2. Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй Африкийн орнууд Конвенцийн 4 ба 5 дугаар зүйлүүдэд дурьдсан нийтлэг ба тодорхой үүргүүдийг биелүүлэхдээ эрмэлзэх зүйлүүд:
            а) Конвенцийн агуулгын хүрээн дэх ган, цөлжилтийн үзэгдэлтэй уялдуулан Африк дахь тэргүүн ээлжийн зорилтууд, үндэсний нөхцөл боломжийг тооцон үзсэнээр өөрийнхөө үндэсний төсвийн хүрээнд зохицуулан шаардагдах зардлыг гаргах
            б) төвлөрлийг задлах, нөөц эзэмших болон орон нутгийн хүн ам, бүлгүүдийн оролцоог өргөжүүлэхэд чиглэн явагдаж байгаа өөрчлөлт шинэчлэлийг дэмжиж бэхжүүлэх;
            в) үндэсний шинэ, нэмэлт санхүүгийн нөөцийг илрүүлэн дайчлах мөн түүнчлэн дотоодын санхүүгийн нөөцийг дайчлах зорилгоор одоогийн үндэсний чадавхи, механизмыг тэргүүн ээлжинд бэхжүүлэх.
5 ДУГААР ЗҮЙЛ
КОНВЕНЦИЙН ТАЛУУД БОЛОХ ХӨГЖИНГҮЙ
ОРНУУДЫН ҮҮРЭГ

            1. Конвенцийн Талууд болох хөгжингүй орнууд Конвенцийн 4, 6 ба 7 дугаар зүйлийн дагуу үүргээ биелүүлэхдээ Конвенцийн Талууд болох Африкийн нэрвэгдэж буй орнуудад нэн тэргүүний анхаарал тавих бөгөөд энэ зорилгоор:
            а) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад туслах, үүний тулд санхүүгийн болон бусад нөөцөөр хангах, түүнийг олж авах явдлыг хөнгөвчлөх, мөн түүнчлэн ядуурлыг арилгах чиг бодлогын нэг болгож үндэсний бодлогыг харгалзан, харилцан тохиролцох үндсэн дээр экологийн хувьд тохирох холбогдох технологи, нау-хауг олж авах, нэвтрүүлэх, зүгшрүүлэх ажлыг дэмжих, санхүүжилт олгох  явдлыг хөнгөвчилж дэмжлэг үзүүлнэ;
            б) их хэмжээний эх үүсвэр олгох ажлыг үргэлжлүүлэх, цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулахад зориулан олгож буй нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх;
            в) цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах зорилгоор тэдний удирдлага, зохицуулалтын үндсийг бэхжүүлэх. Шинжлэх ухаан техникийн чадавхийг нэмэгдүүлэх, мэдээллийг цуглуулах, судалгаа шинжилгээ, боловсруулалтын ажлын дүн шинжилгээг сайжруулах боломжийг өргөжүүлэхэд тэдэнд тусламж үзүүлэх.
           
            2. Конвенцийн Тал болох бусад орнууд сайн дурын үндсэн дээр Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй Африкийн орнуудад цөлжилтэй тэмцэх ба/буюу  санхүүгийн нөөцтэй холбогдуулан технологи, мэдлэг, нау-хауг олгоно. Энэхүү мэдлэг, нау-хау, арга ажиллагааг олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулна.
6 ДУГААР ЗҮЙЛ
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ БҮХИЙ
ХЭТИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭ

            1. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр нь Конвенцийн Тал болох нэрвэгдэж буй Африкийн орнуудын тогтвортой хөгжилийн үндэсний бодлогыг боловсруулах ажлын гол, салшгүй хэсэг мөн.

            2. Нутгийн хүн ам ба бүлэглэлийг дээд зэргээр хамрах боломж олгох уян хатан төлөвлөлтийн бодлогыг боловсруулахын тулд зохих түвшний захиргааны байгууллага, нутгийн хүн ам, тэдгээрийн бүлэглэлүүд болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан заавар, зөвлөлгөө өгөх ажлыг өргөн хэрэгжүүлнэ. Зохих тохиоолдолд Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй Африкийн орнуудын хүсэлтээр энэхүү үйл явцад тусламж үзүүлэх асуудал эрхэлсэн хоёр болон олон талын албадыг татан оролцуулж болно.

7 ДУГААР ЗҮЙЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ
БЭЛТГЭХ ХУВААРЬ

            Энэхүү Конвенцийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Конвенцийн Талууд болох нэрвэгдэж буй Африкийн орнууд зохих тохиолдлуудад олон улсын хамтын нийгэмлэгийн бусад гишүүдтэй бололцооны хэрээр, Конвенцийн заалтын дагуу үндэсний, дэд бүс, бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг түр хугацаагаар хэрэглэж болно.

8 ДУГААР ЗҮЙЛ
ҮНДЭСНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА

            1. Конвенцийн 10-р зүйлийн дагуу үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийн ерөнхий чиг бодлогод эзлэх гол байр нь цөлжилтэй тэмцэх, гангийн хөлөөг бууруулах талаар хийх тэмцэл, ядуурлыг арилгах чиг бодлогын механизмд үндэслэсэн нэрвэгдэж буй нутгуудад хамаарах орон нутгийн хөгжлийн иж бүрэн хөтөлбөрт хүн амын оролцоог хангах механизмыг бий болгоход чиглэнэ. Эдгээр хөтөлбөр нь орон нутгийн засаг захиргааны чадавхийг бэхжүүлэх, нутгийн хүн ам, бүлэглэл, нэгдэл хэсгүүд, тэдний боловсролын асуудалд онцгой идэвхтэй оролцоог хангах, туршлага бүхий төрийн бус байгууллагуудыг дайчлах, төвлөрсөн бус засгийн бүтцийг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

            2. Зохих тохиолдолд үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрүүд, дор дурдсан ерөнхий зүйлүүдийг агуулна:
            а) Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхдээ
нийгэм-эдийн засаг, экологийн нөхцөлийг харгалзан цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах салбарт хэрэглэж ирсэн өмнөх үеийн туршлагыг ашиглах;
            б) Ган, цөлжилтөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг тодоруулах, бэлэн байгаа ба шаардлагатай нөөц боломжийг тодорхойлох, холбогдох бодлогыг боловсруулах, түүнчилэн эдгээр үзэгдэлтэй тэмцэх нөлөөг нь бууруулахад зайлшгүй шаардлагатай удирдлага зохицуулалтын болон бусад арга хэмжээг авах;
            в) эмэгтэйчүүд, тариаланчид, малчдыг оролцуулан нутгийн хүн ам, бүлэглэлийн оролцоог өргөтгөх тэдгээрт илүү өргөн бүрэн эрх олгох.

            3. Үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд дараахийг зохих ёсоор тусгана:
            а) ядуурлыг арилгах зорилго бүхий эдийн засгийн нөхцлийг дээшлүүлэх  арга хэмжээ:
                      i.        Орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрын бололцоог өргөтгөх, ялангуяа орон нутгийн хүн амын бүлэглэлийн үлэмж ядуу хэсэгт зориулан:
-       хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх,
-       орон нутгийн хэрэгцээнд тохирсон санхүүгийн хэрэгсэл буй болгох,
-       хөдөө аж ахуй олон салбар, төрлийг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх,
-       хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн газруудыг бий болгох,
-       хөдөө аж ахуйн буюу хөдөө аж ахуйн бүс аж ахуйтай хосолсон үйл ажиллагааны эдийн засгийн хэлбэрүүдийг хөгжүүлэх,
                     ii.        Хөдөөгийн эдийн засгийн хөгжлийн урт хугацааны хэтийн боломжийг дээшлүүлэхэд доорхи зүйлийг бий болгох:
-       урт хугацааны үр ашигтай хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэлийн хэрэгслийг олж авах явдлыг урамшуулах,
-       өсөлтөнд нөлөөлөх татвар, үнэ болон худалдааны практик арга хэмжээ,
                    iii.        Газрын нөөцөд хүн амын үзүүлэх дарамтыг бууруулах зорилгоор хүн амын хөдөлгөөн шилжилтэнд хамаарах арга хэмжээг тодорхойлох ба хэрэгжүүлэх,
                   iv.        Ганд тэсвэртэй ургамал ашиглах, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хуурайвтар газрыг боловсруулах иж бүрэн системийг хэрэглэхэд тус дөхөм үзүүлэх,
            б) Байгалийн нөөцийг хамгаалах талын арга хэмжээ:
                      i.        Байгалийн нөөцийг иж бүрэн, үр ашигтай ашиглах явдлыг хангахад:
-       хөдөө аж ахуй эдэлбэр газар, бэлчээр
-       ургамлын нөмрөг, амьтны аймаг
-       ой
-       биологийн төрөл зүйл зэргийг хамруулах;

No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.