Home | About me | Chat | Contact |

Saturday, July 23, 2011

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ


БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
PDF
Хэвлэх
И-мэйл

1.Ерөнхий зүйл
1.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон тайланд үнэлгээний шинжилгээ /цаашид “үнэлгээний шинжилгээ” гэнэ/ хийх, эдгээр харилцаанд оролцогчдын эрх  үүргийг тодорхойлох, тэдгээртэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Нарийвчилсан үнэлгээ нь төслийн техник-эдийн засгийн үндэслэл, ажлын зураг, төсөл боловсруулалтын үе шатанд болон түүний дараа тухайн төслийг хэрэгжүүлснээс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээ, үр дагавар, хамрах хүрээ, учруулах хохирлын хэмжээг тогтоож, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ, технологийн шийдэл, төслийг хэрэгжүүлэх хамгийн оновчтой хувилбарыг тогтооход оршино.

1.3.Нарийвчилсан үнэлгээнд Байгаль орчны сайдын 2006 оны 119 дүгээр тушаалаар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар”-ыг баримтлахаас гадна дараах асуудлыг тусгана:
    1.3.1.Химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ;
    1.3.2.Уул уурхайн нөхөн сэргээлтийн төсөл; 
    1.3.3.Уул уурхайн нөхөн сэргээлт хийх аргачлал;
    1.3.4.Голын голидролыг өөрчлөх тохиолдолд түүнийг өөрчлөх, зураг төсөл нөхөн сэргээх.

1.4.Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулан үнэлгээний шинжилгээ хийнэ.
2. Нарийвчилсан үнэлгээ хийх
2.1.Нарийвчилсан үнэлгээг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Байгаль орчны яамнаас эрх авсан аж ахуйн нэгж /цаашид “эрх бүхий байгууллага”/ гүйцэтгэнэ.
2.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авах байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    2.2.1.үнэлгээний багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь  орон тооны мэргэжлийн боловсон хүчин байх;
    2.2.2.ажлын байр, хэмжилт судалгааны багаж, хэрэгсэл, тоног  төхөөрөмжтэй байх;
    2.2.3.магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллагаас батлагдсан байгаль орчны үнэлгээ хийх арга зүйтэй байх;
    2.2.4.үнэлгээ хийх асуудлаархи мэдээллийн сантай байх;
    2.2.5.нарийвчилсан үнэлгээ хийх аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд нь үнэлгээ хийлгэх үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай ашиг сонирхлын давхцалгүй байх.

2.3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын эрх авахыг хүссэн аж ахуйн нэгж нь энэ журмын 2.2-д заасан шаардлагыг хангасан тухай баримт бичгийн жагсаалт, хүсэлтээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

2.4.Энэ зүйлийн 2.3-д заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг Комисс ажлын 12 өдөрт багтаан шалгаж,  эхний үе шатны дүгнэлт гаргана.

2.5.Эхний үе шатны дүгнэлтийн дараа Комисс эрх хүссэн аж ахуйн нэгжид тусгай хөтөлбөрийн дагуу даалгавар өгч тодорхой хугацааны дараа биелэлттэй танилцана. Даалгаврын дүгнэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 14 хоногт багтаан төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргуулна.

2.6. Үнэлгээний эрхийг дор дурдсан чиглэлүүдээр олгох бөгөөд нэг аж ахуйн нэгж хэдэн хэдэн чиглэлээр эрх авч болно.Үүнд:
    2.6.1. уул уурхайн салбар;
    2.6.2. дэд бүтцийн салбар;
    2.6.3. хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбар;
    2.6.4. үйлчилгээний салбар.

2.7. Эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний мэргэжилтний эрх олгох тухай албан хүсэлтийг өөрийн үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын хувийн тодорхойлолт, ажлын байр, мэргэжлийн чадвар, дадлага, туршлагыг илтгэсэн материалын хамт Комисст ирүүлж шийдвэрлүүлнэ.
2.8.Комисс нь уг ажилтнуудын мэргэжлийн чадвар, ажлын ачаалал, өмнө хийж гүйцэтгэсэн ажил, туршлагыг харгалзан үнэлгээний мэргэжилтний эрх олгох, эсэх талаар дүгнэлт гаргана.
2.9.Комиссын дүгнэлтийг үндэслэн эрх олгох шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага гаргана.
2.10.Yнэлгээний мэргэжилтний эрхийг 2  жилийн хугацаагаар олгоно.
2.11.Yнэлгээний мэргэжилтэнд батламж, аж ахуйн нэгжид гэрчилгээ олгоно.
2.12.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх эрхийг дор дурдсан тохиолдолд хүчингүй болгоно. Үүнд:
    2.12.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан  үнэлгээг буруу хийсэн нь үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаагаар тогтоогдвол;
    2.12.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж зөрчсөн тухай байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан бол;
    2.12.3.Эрх бүхий байгууллага нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд  удаа дараа техникийн шинжтэй алдаа гаргасан, ерөнхий үнэлгээгээр тогтоосон нөхцөл болзлын дагуу гүйцэтгээгүй, шаардлагатай материалыг бүрдүүлээгүй, төслийн болон техник технологийн байгальд халгүй, оновчтой хувилбарыг сонгоогүй нь үнэлгээний шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд.

2.13.Аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр нэг удаад 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

2.14.Аж ахуйн нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
Өргөдөлд дараахь материалыг хавсаргана. Үүнд:
    2.14.1. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;
    2.14.2.үнэлгээний мэргэжилтний бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийн талаархи мэдээлэл;
    2.14.3. хийж гүйцэтгэсэн үнэлгээний ажлын тайлан.

2.15.Өргөдлийг Комисс хянан үзэж, үйл ажиллагаагаа зөрчил дутагдалгүй, чанарын шаардлагын дагуу гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана.
2.16.Комисс аж ахуйн нэгжийн үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгахдаа өмнө хийж байсан нарийвчилсан үнэлгээний ажлын үр дүн, тухайн төслөөс байгаль орчинд учруулах хор хохирлыг бодитой тооцож, сөрөг нөлөөллийг бууруулах зөвлөмж, төлөвлөгөөг хир оновчтой боловсруулсныг нягтлан дүгнэж, эрхийг сунгах эсэх  дүгнэлтийн нэг гол үндэслэл болгоно.
3. Үнэлгээний шинжилгээ хийх
3.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан батлагдахаас өмнө үнэлгээний  шинжилгээ  хийлгэнэ.
3.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага нь нарийвчилсан үнэлгээний ажлын тайланг хүлээж аваад шинжилгээ хийх хөндлөгийн шинжээч эсхүл  шинжилгээний багийг томилно.
3.3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтаан үнэлгээний шинжилгээг хийж, дүгнэлт гаргах бөгөөд хийвэл зохих ажлыг бүрэн хамааруулаагүй байвал шүүмж бичиж буцаана.
3.4.Хэрэв тайланг шүүмжийн дүгнэлтэнд заасны дагуу зохих шаардлагын түвшинд хүртэл боловсруулаагүйгээр буцаан ирүүлбэл уг тайланг буруу хийсэнд тооцож үнэлгээний хуулийн дагуу арга хэмжээ авна.
Шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг тайланд үнэлгээний шинжилгээ хийхтэй холбогдсон асуудлаар нэмэлт тодруулга, тайлбар авах шаардлагыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр сунгаж болно.
3.5.Шинжээч үнэлгээний шинжилгээний дүгнэлтэд дараах асуудлыг тусгана. Үүнд:
    3.5.1.ерөнхий үнэлгээний дүгнэлтээр өгсөн шаардлага, зөвлөмжийг бүрэн тусгасан эсэх;
    3.5.2.байгаль орчны төлөв байдлын суурь үзүүлэлтийг бүрэн тусгасан эсэх;
    3.5.3.төслийн болон технологийн сонголтод үнэлгээ өгсөн эсэх;
    3.5.4.химийн хорт болон аюултай бодисын эрсдэлийн үнэлгээ;
    3.5.5.уул уурхайн нөхөн сэргээлтийн төсөл хийсэн байдал;
    3.5.6.уул уурхайн нөхөн сэргээлт хийх аргачлал хийсэн байдал;
    3.5.7.голын голидролыг өөрчлөх тохиолдолд түүнийг өөрчлөх нөхөн сэргээх зураг төсөл хийсэн байдал;
    3.5.8.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээ ний хөтөлбөр нь  он, оны хуваарьтай, тэр нь хэрэгжих магадлалтай эсэх;
    3.5.9.хөтөлбөрийг хэрэгжүүлэх эдийн засгийн тооцоо нь  бодитой биелэх эсэх;
    3.5.10.тухайн орон нутгийн оршин суугч иргэдийн хүсэлт, Засаг даргын саналыг авсан эсэх;
    3.5.11.байгаль орчны бохирдол, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээний зөвлөмж нь хэрхэн оновчтой болсон эсэх;
    3.5.12.бусад шаардлагатай асуудал.

3.6.Үнэлгээний шинжилгээ хийхдээ 3.5-д заасан асуудлыг тусган  авч үзсэний үндсэн дээр төсөл хэрэгжих эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргана.
3.7.Үнэлгээний шинжилгээг хийлгэхдээ шаардлагатай бол байгаль орчны шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулж болно.
4.Хянан магадлагаа хийх
4.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж  байгаа болон хохирол учруулсан, хохирол учруулж болзошгүй  бол үнэлгээний үнэн зөв эсэхэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хянан магадлагаа хийнэ.
4.2.Хянан магадлагаа хийх ажлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр томилон ажиллуулж удирдамж батална. Удирдамжид  дараах асуудлыг тусгана:
    4.2.1.хянан магадлагаа хийх хугацаа
    4.2.2.хянан магадлагаа хийх ажлын цар хүрээ
    4.2.3. хянан магадлагааны аргачлал
    4.2.4.бусад асуудал

4.3.Хянан магадлагаа хийхэд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд хэн буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэн авна.

4.4. Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэй.

4.5.Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна.

4.6.Хянан магадалгааны дүгнэлтийг шаардлагатай гэж үзвэл уг төсөлтэй холбогдох талууд оролцсон үнэлгээний Комиссын өргөтгөсөн хуралдааныг хийж танилцуулж болно.

4.7.Хянан магадлагааны ажлын хэсэг нь бусдаас үл хамаарах дүгнэлт гаргах, өөрсдийн дүгнэлтийн үнэн зөвд эргэлзэхгүй байх эрхтэй.
4.8.Хянан магадалгаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл үнэлгээний Комиссын шийдвэрээр дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлж болно. Хэрэв Комисс уг үнэлгээг дахин хийлгэх шаардлагагүй гэж үзвэл холбогдох дүгнэлтийг гаргаж төв байгууллагаар шийдвэр гаргуулна.
4.9.Хянан магадлагааны дүнгээр экологит ноцтой хохирол учрахаар буюу учирсан байвал энэ журмын 2.12-т заасны дагуу эрхийг хугацаанаас нь өмнө цуцлана.


No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Post a Comment