Home | About me | Chat | Contact |

Sunday, July 17, 2011

МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО


МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН
ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ
ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО
ОРШИЛ
1. “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи, соёл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн ирэх арван дөрвөн жилийн бодлогыг дэлхий нийт, бүс нутгийн хөгжилтэй нягт уялдуулан цогцоор тодорхойлж байна.
2. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилт нь хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, байгальорчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс болгоход оршино.
3.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх стратеги, хүрэх үр дүнг 2007-2015 онд Мянганы хөгжлийн зорилтыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих хоёр үе шаттай хамтатган авч үзсэн болно.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Дэлхийн хөгжлийн чиг хандлага
Хүн төрөлхтөн шинжлэх ухаан, технологийн хувьсгалд тулгуурлан аж үйлдвэржсэн нийгмээс мэдээлэлжиж, даяаршиж буй нийгэмд шилжиж байна. Дэлхий дахины эдийн засаг, зах зээлийн харилцаанд мэдээлэл, хүн, барааны асар өргөн шилжилт хөдөлгөөн, бүтээгдэхүүн, үйлчилгээний хил хязгааргүй урсгал явагдаж, түүнд суурилсан даяаршилын цоо шинэ нөхцөл байдал бүрдэж байгаагаас улс орнууд хүн, нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийн хэтийн бодлогоо даян дэлхийн болон бүс нутгийн хөгжлийн үйл явцтай нягт уялдуулан тодорхойлох болов. Ийм нөхцөлд Монгол Улсын хөгжилд дэлхийн, ялангуяа Ази тив, Төв болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжлийн хандлага, даяаршилын эерэг болон сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийн аль алийг нь тооцож, хөгжлөө эрчимтэй бөгөөд тогтвортой болгохын тулд урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, стратегиа тодорхойлох шаардлага тулгарч байна.
Даяаршилын нэг давуу тал болох шинэ технологи эзэмшиж, түүнийг нутагшуулж чадсан улс орнууд хөгжлийн давуу байдлыг олж авч байна. Ирээдүйн технологийн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээлэл, био зэрэг технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд хувьсгал хийх юм.
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН
БАЙДАЛ, ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ
2.1. Монгол Улсын хөгжлийн өнөөгийн байдал
Монгол Улсын хөгжлийн хандлага.Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил эрчимжиж, Монгол Улсын гадаад эдийн засаг, худалдааны орчин нөхцөл тааламжтай болж, манай улс бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй хялбар холбогдож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд таниулах боломж нэмэгдэж байна. Энэхүү тааламжтай нөхцөл нь Монгол Улсад Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, эрчимтэй хөгжлийн замд гарахсайхан бололцоо олгож байна.
Манай улсын хөгжлийн давуу болоод сул талыг дэлхий нийтэд доорхи байдлаар үнэлж байна. Үүнд:
Хөгжлийн давуу үзүүлэлтүүд:
  1. анхан шатны сургуульд хамрагдалт сайн, бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр;
  2. вакцинжуулалтын хамрагдалт сайн;
  3. 1000 хүнд ногдох эмчийн тоо харьцангуй өндөр;
  4. хүн амын насны бүтэц зөв;
  5. макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа;
  6. Орос, Хятадын томоохон зах зээлтэй ойр;
  7. ашигт малтмалын нөөц их;
  8. түүхийн баялаг сургамж, уламжлалтай;
  9. бараг бүхэлдээ онгон төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц цогцолбор, ховор ан амьтан, ургамлын төрөл зүйл, баялаг бүхий өргөн уудам газар нутаг, түүнд зохицсон нүүдлийн амьдралын өвөрмөц хэв маягтай.

Хөгжлийн сул үзүүлэлтүүд:

·         хүн амын өсөлт удаан, наслалт харьцангуй богино;
·         нярай хүүхдийн болон эхийн эндэгдэл их;
·         хүн амын тоо цөөн, тархай бутархай байршилтай, хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, ялангуяа мэргэжлийн ур чадвар сайтай инженер техникийн ажилтан, ажилчид, зах зээлийн мэдлэгтэй мэргэжилтний тоо цөөн;
·         боловсролын чанар хангалтгүй, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин доогуур, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сул;
·         уур амьсгал нь эрс тэс, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл цаг уурын өөрчлөлтөөс хэт хамааралтай;
·         ойт талбайн эзлэх хувь бага, цөлжилтийн явц хурдасч байгаа, экосистемийн эмзэг орчинтой, байгалийн нөхөн сэргэх чадвар сул;
·         эрчим хүчний хангамж бага, найдваргүй, дэд бүтэц сул хөгжсөн;
·         тивийн болон бүс нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй;
·         орон сууцны хүрэлцээ тааруу;
·         ажилгүйдэл, ядуурал их;
·         эдийн засгийн бүтэц өрөөсгөл;
·         Засгийн газрын зарлагын хэмжээ хэт их;
·         тусгай зөвшөөрөл олгох үйл явц удаан, хүнд суртал, авлига их, төрийн албаны чадвар сул;
·         гадаад худалдаа, түүний дотор экспортын бүтэц өрөөсгөл;
·         дотоодын зах зээлийн багтаамж бага;
·         хөрөнгө санхүү, валютын нөөц хязгаарлагдмал, эдийн засаг нь цөөн бүтээгдэхүүнээс хамааралтай;
·         эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбаруудад зарцуулж буй хөрөнгө бага, зарцуулалт нь оновчгүй;
·         оюуны өмчийн эрхийн хамгаалалт муу зэрэг юм.
ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЗАРЧИМ,
АЛСЫН ХАРАА, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
3.1. Монгол Улсын Үндэсний хөгжилд баримтлах зарчим
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод дор дурдсан зарчим баримтлана:
ардчилсан ёс, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах;
улс орны хөгжилд иргэн бүр оролцох, хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцөлийг бүрдүүлэх;
хөгжлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх чадамж, бүтцийг бий болгох;
зах зээлийн эдийн засагт суурилсан хөгжил эрчимтэй, тогтвортой байх;
хөрөнгө нөөцийг бодлогын тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээнд суурилан хуваарилах, түүнийг ил тод байлгах, зарцуулалтыг хянан гүйцэтгэлийн үр дүнг үнэлж дахин төлөвлөх;
бүх талын түншлэлд суурилах;
өөрчлөгдөмтгий нөхцөл байдалд уян хатан зохицох чадамжтай болох;
бүх шатанд хариуцлага хүлээх чадвартай болох, ил тод байх, хууль дээдлэх.

5.2.1.5. Аялал жуулчлалын хөгжлийн бодлого
Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. “Аялал жуулчлал” үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр үе шат (2007 – 2015 он):
Стратегийн зорилт 1. Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын гол бүс нутгийн зам харилцаа, холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулна:
·         аялал жуулчлалын голлох зах зээлийн орнуудад хийх шууд нислэгийн тоог нэмэгдүүлж, шинэ чиглэлүүд нээх;
·         аялал жуулчлалын гол бүс нутгуудын зам, харилцаа холбоо, эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлыг бусад салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх.
Стратегийн зорилт 2. Аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг барьж байгуулан, аялагч, жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлнэ.
·         улирлын хамаарлыг багасгаж, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах;
·         салбарын бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтэц бий болгож ажиллуулах;
·         монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх.
Хоёрдугаар үе шат (2016 – 2021 он):
Стратегийн зорилт 1. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж сайжруулна:
·         бүх төрлийн үйлчилгээний стандартыг боловсронгуй болгож, хяналтыг сайжруулах;
·         ажилтнуудын боловсрол, сургалтын түвшинг олон улсын жишигт хүргэж, салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
·         монголд ирэх жуулчдын тоог хүн амын тоотой тэнцэхүйц болгох.
ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Монгол Улсын хөгжлийн 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээнд:
Агаар мандал, газар, түүний хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан, ургамлын олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн нөлөөг бууруулах, химийн хорт бодис, цацраг идэвхт хаягдлыг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэгдсэн эдийн засаг, нийгэм, экологийн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх бодлого баримтална.
Бүх үе шат (2007-2021он):
Стратегийн зорилт 1. Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлан зогсооно:
·         байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх;
·         Улаанбаатар болон томоохон хот суурин газрын орчны бохирдлыг багасгах эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
·         Улаанбаатар болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
·         сэргээгдэх эрчим хүч ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлж, нар, салхи, усны эрчим хүчний эх үүсвэрийн дан болон хоршсон хэрэглээг хөгжүүлэх;
·         хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгальд халгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлого хэрэгжүүлж, ажлын байр шинээр бий болгох;
·         Киотогийн протоколын цэвэр хөгжлийн механизмын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах хамтарсан төсөл хэрэгжүүлж, улмаар зах зээлийн үнээр худалдах;
·         байгаль орчныг хамгаалах хяналтын тогтолцоог дэлхийн нийтийн жишгийн дагуу бүрдүүлэх.
Стратегийн зорилт 2. Газар, газрын хэвлийн баялагийг зохистой ашиглах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ:
·         ашигт малтмал ашиглах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хууль хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгсэл, хөшүүргийг нэвтрүүлж, өөрийгөө санхүүжүүлэх механизмыг бий болгох замаар байгалийн нөөцийн менежментийг үндэсний болон орон нутгийн хэмжээнд сайжруулж, салбар хоорондын зохицуулалтыг боловсронгуй болгох;
·         монгол үндэстний үеийн үед онцлон хайрлаж, онгон байдлаар нь хадгалан үлдээх газар нутгийн үндэсний өвийн санг буй болгож, хамгаалалтанд авах, тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлого, менежментийг боловсронгуй болгох;
·         тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэн түүний удирдлагын тогтолцооны оновчтой бүтцийг бий болгож, орчин үеийн шаардлага хангасан хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх.
Стратегийн зорилт 3. Усны нөөцийг бохирдол, хомсдолоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ. “Ус” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ:
·         усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах харилцааг зохицуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, ус хэмнэх усны нөөцийн менежмент, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах;
·         гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулан арвижуулах замаар хүн ам, үйлдвэрлэлийн усан хангамжийг шийдвэрлэх;
·         хотуудыг болон уул уурхайн үйлдвэрлэлийг хэрэгцээт усаар хангах усны нөөцийг нэмэгдүүлэх.
Стратегийн зорилт 4. Ойн нөөцийг тогтвортой ашиглаж, ой хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах нөхцөлийг хангана:
·         ойн санд сансрын мэдээ ашиглаж, зайнаас тандан судлах аргаар хайгуул, судалгаа хийж, тархалт, бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоон ойн зураглал, ойн тогтвортой менежментийн хөтөлбөр боловсруулж, газар зүйн мэдээллийн тогтолцоонд суурилсан ойн мэдээллийн сан байгуулах;
·         стратегийн дунд хугацааны зорилтын хүрээнд уур амьсгалыг зөөлрүүлж, цөлжилт, хөрсний эвдрэл, түйрэн, элсний нүүдэлтэй тэмцэх зорилгоор ойг нөхөн сэргээх, говь, хээрийн бүсэд мод тариалж ногоон зурвас байгуулах;
·         ой хамгаалах ажилд дэвшилтэт менежментийн арга хэлбэрийг нэвтрүүлж, ойн сангийн 20 хүртэлх хувийг нутгийн иргэд, нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэн ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх.
Стратегийн зорилт 5. Амьтан, ургамлын аймгийн нөөцийн хомсдолыг хязгаарлаж, тэдгээрийг байгалийн жамаар нөхөн сэргэх, тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ:
·         нэн ховор, ховор амьтны популяцийн тогтвортой байдал, хэвийн өсөлтийг хангахтай холбогдсон зохион байгуулалтыг шинэчлэн, тэдгээрийг хамгаалах эдийн засаг, эрх зүйн орчинг бүрдүүлж, зориудын аргаар үржүүлэх, тэдгээрийн удмын санг бий болгож, генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглаж, биологийн найдвартай нөөцтэй болох арга замыг судлан боловсруулах;
·         ан амьтны нөөц, байршил нутгийг тогтоон хамгаалахад зориулагдсан дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхүйц олон улсын байгууллага, хандивлагч орон, хувь хүний дэмжлэгтэй урт, богино хугацааны төслийг үр ашигтай хэрэгжүүлэхийг дэмжих;
·         ховор, нэн ховор ургамлын тархац нутаг, нөөцийн судалгаа хийх, удмын санг хамгаалах, генийн сан байгуулах, бүртгэл, мэдээлэл-хяналт шинжилгээний тогтолцоо бүрдүүлэх, ашиглалтыг зохицуулан төлөвлөх, сэргээн ургуулах, тарималжуулах ажил зохион байгуулах.
Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд дасан зохицож, сөрөг үр дагаврыг бууруулах чадавхийг бүрдүүлж хэрэгжүүлнэ:
·         уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бодлого хэрэгжүүлэх;
·         байгаль, цаг уурын нөлөөллийн улмаас хуурайшин гандаж, доройтолд өртсөн болон өртөх магадлал бүхий газар нутгийн төлөв байдлыг тодорхойлж, тухайн бүс нутгийн онцлогт дасан зохицох чадавхийг бэхжүүлэх;
·         байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх чадвар сайтай үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын төрлийг сонгон тариалах, шинэ төрөл, сортыг бий болгох, газар тариалангийн дэвшилтэт арга, технологи боловсруулж нэвтрүүлэх;
·         бүс нутгийн бэлчээрийн даацад тохирсон малын тоо толгой, сүргийн бүтцийг бүрдүүлэх талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
·         байгаль, цаг уурын өөрчлөлтөнд дасан зохицсон, үр ашигтай, биологийн чадамж сайтай бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх;
·         уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилт, тэдгээрт дасан зохицох, даван туулах арга зам, сөрөг үр дагаврыг бууруулах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэг олгох, мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөжүүлэх.
2021 он гэхэд “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг бүрэн хэрэгжүүлнэ:
·         энэ үе шатанд эдийн засаг жилд дунджаар 12-оос доошгүй хувиар өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12 мянгаас доошгүй ам. долларт хүрч, оюуны шингэц бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжин, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшин хөгжиж, Монгол Улс дэлхийн дундаж орлоготой орнуудын эгнээнд орох;
·         Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ үр ашигтай, өрсөлдөх чадвартай болох;
·         ашигт малтмалын олборлолтоос эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжих үйл явц эрчимжих;
·         улсын хэмжээнд жилд дунджаар 15000-аас доошгүй айл өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах;
·         нийт хүн амын дундахь дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийн жин 60-д хүрэх;
·         бүх шатны сургуульд хамран сургалт 100 хувьд хүрэх;
·         олон улсын стандартад нийцсэн хөтөлбөртэй ерөнхий боловсролын болон их сургуулийн тоо нэмэгдэх;
·         судалгаа боловсруулалтын санхүүжилтийн хэмжээг 2015 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2021 он гэхэд 3 хувьд хүргэх, энэ зардлын 1/3-г хувийн хэвшил санхүүжүүлдэг болох;
·         орчин үеийн технологи нутагшуулан эзэмшсэн орон болох;
·         аялал жуулчлалын салбар хөгжиж, жилд ирэх жуулчдын тоо хүн амын тоотой тэнцэх;
·         фермерийн аж ахуй хөгжиж, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг үндсэнд нь дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаж, хүнсний бүтээгдэхүүний экспорт өсөх;
·         нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах;
·         Ази тив, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай, орчин үеийн тээвэр холбоо, эрчим хүчний дэд бүтэц бий болох, хатуу хучилттай авто замын урт 11000 км-т хүрэх, хоёр дахь төмөр замыг ашиглалтанд оруулах, баруун, говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээ бий болох;
·         Монгол Улс цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээр найдвартай бүрэн хангаад зогсохгүй, цахилгаан эрчим хүчийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг орон болох;
·         бүсийн тулгуур төв хотуудыг хөгжүүлж, хүн ам нь тус бүр 100 мянгаас доошгүй болж, орон нутагтаа тогтвор суурьшилтай аж төрөх таатай орчинг бүрдүүлэх;
·         хүн амын дундаж наслалт 72 болох;
·         сум, аймгийн эмнэлэгүүдийн хэрэгцээ бүрэн хангагдах;
·         хөдөөнөөс оношилгоо, эмчилгээнд хамрагдахаар ирэх зорчигчдын тоо 95 хувиар буурах;
·         эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанар 95 хувьд хүрэх;
·         нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ оновчтой болж, үр ашиг нь дээшилсэн байх.

No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.