Home | About me | Chat | Contact |

Saturday, July 23, 2011

УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН ХЯНАН ЗӨВШӨӨРӨХ ЖУРАМ


Үйлдвэр худалдааны сайд, Мэргэжлийн
хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан
2007 оны 269/25дугаар тушаалын хавсралт

УУЛЫН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН
ХЯНАН ЗӨВШӨӨРӨХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

      1.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уулын олборлох, боловсруулах үйлдвэрийн дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг тусгасан уулын ажлын төлөвлөгөө, тухайн жилийн үйл ажиллагааны тайланг ирүүлэх журмын зорилго нь уулын үйлдвэрийн үйл ажиллагааг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэх, уул уурхайн салбарын нэгдсэн статистик үзүүлэлт гаргах, улс орны эдийн засаг, нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөлөл болон уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлого боловсруулах, салбарын хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлоход оршино.
      1.2. Ашигт малтмалын тухай хуулийн 11.1, 11.3, 48.6, 48.7, 48.11-д заасны дагуу Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхэд мэдээ, тайланг төрийн захиргааны байгууллага /цаашид “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар” гэх /-т ирүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид “Улсын мэргэжлийн хяналтын газар” гэх/-д хянуулахад энэхүү журмыг мөрдөнө.
      1.3. Энэхүү журмын дагуу уулын олборлох, боловсруулах үйлдвэрийн дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд /цаашид “уулын ажлын төлөвлөгөө” гэх/ тухайн жилийн үйл ажиллагааны тайлан/ цаашид “уулын ажлын тайлан” гэх/ нь тухайн ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан хийгдсэн байна.

Хоёр. Уулын ажлын төлөвлөгөө, тайланг ирүүлэх нөхцөл

      2.1.Ашигт малтмалын тухай хуулийн 11.3, 48.6.2-д заасны дагуу дараа жилийн уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн газарт танилцуулж зөвшөөрөл авсаны дараа Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын албанд хянуулснаар хүчин төгөлдөр гэж үзэн дагаж мөрдөнө. Зөвшөөрөгдөж, хянагдсан төлөвлөгөөний нэг хувийг УМХГ-аас АМГТХЭГ-т албан тоотоор хүргүүлнэ.
      2.2. Зөвшөөрөгдөж, хянагдсан уулын ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарвал Уулын ажлын төлөвлөгөөний нэмэлт тодотголыг хийж энэ журмын 2.1-д заасны дагуу ирүүлнэ.
      2.3. Ашигт малтмалын тухай хуулийн 11.3, 48.6.3-т заасны дагуу тухайн жилийн уулын ажлын тайланг Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхайн газарт ирүүлэн танилцуулж, Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын албанд хянуулснаар уулын ажлын тайланг ирүүлсэнд тооцно. Танилцуулж, хянагдсан тайлангийн нэг хувийг мэргэжлийн хяналтын байгууллага төрийн захиргааны байгууллагад албан тоотоор хүргүүлнэ.
      2.4. Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түлш, эрчим хүчний яамны Түлшний бодлого, зохицуулалтын газарт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөрөл эзэмшигч нь Барилга хот байгуулалтын яамны Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвд танилцуулсны дараа энэ журмын 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу уулын ажлын төлөвлөгөө, тайлангаа ирүүлнэ.

Гурав. Уулын ажлын төлөвлөгөө

       3.1. Уулын ажлын төлөвлөгөөг ашигт малтмалын ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг баримтлан, ашиглалтын систем, технологийн дагуу уурхайн тухайн оны бэлтгэл болон үндсэн малталт, хөрс хуулалт, олборлолтын оновчтой хэмжээг тооцон түүнийг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, материалыг тодорхойлох, ашигт малтмалын нөөцийг нормативын дагуу бэлтгэх, түүнийг зүй зохистой иж бүрэн олборлох, ашиглалтын хаягдал, бохирдлыг багасгах, ашигт малтмалыг технологийн дагуу хаягдал багатайгаар стандартад нийцсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах, байгаль орчны болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлэхэд чиглүүлэн боловсруулна.
       3.2. Уулын ажлын төлөвлөгөө нь уулын ажлын график зураг, тайлбар бичиг гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
       3.3. Уулын ажлын графк зургийг Уулын ажлын график, зураглалын стандартын дагуу боловсруулсан байна.
       3.4. Уулын ажлын тайлбар бичиг дараах бүлгүүдээс бүрдэнэ.
             3.4.1.Ордын нэр, ашигт малтмалын төрөл:
             3.4.2. Ордын байршил /аймаг, сум, баг, КБТ-нд бүртгүүлсэн солбицол/, 1:200000-1:50000-ны масштаб бүхий байр зүйн зураг;
             3.4.3. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
             3.4.4. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар;
             3.4.5. ордын судлагдсан байдал, геологийн товч тодорхойлолт / эрэл, зураглал, нөөц тогтоосон нарийвчилсан хайгуулын ажлын товч түүх, ашигт малтмалын нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлсэн баримтын хуулбар, нөөцийн дэвсгэр болон зүсэлт зураг/;
             3.4.6. Ордын уул-геологийн нөхцөл;
             3.4.7. Улсын даалгавар, захиалга, аж ахуйн гэрээ;
             3.4.8. ашигт малтмалын нөөцийн тооцоо, хаягдал ба бохирдолт, чанарын үзүүлэлтүүд;
             3.4.9. Уулын бэлтгэл ажил;
             3.4.10. Хөрс хуулалт, тээвэрлэлтийн технологи, овоолгын аж ахуй /шимт хөрсний овоолго, хөрсний овоолго, овоолгын шатлалт, түүнийг гулсалтаас хамгаалах арга хэмжээ/, ажлын тооцоо, технологийн паспорт, тоног төхөөрөмж;
             3.4.11. Далд уурхайн бэлтгэл малталт, үндсэн малталт, ажлын тооцоо, технологийн паспорт, бэхэлгээний ажил, түүний паспорт, тоног төхөөрөмж;
             3.4.12. Ашигт малтмал олборлолт, тээвэрлэлтийн технологи, технологийн папсорт, тоног төхөөрөмж;
             3.4.13. Боловсруулалт /баяжуулалт/-ын технологи, технологийн схем, дамжлага, ажлын тооцоо, тоног төхөөрөмж, металл /эрдэс/ авалт, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт, стандартын шаардлагын хангалт, баяжмал дахь эрдсийн агуулга;
             3.4.14. Ашиглалтын явцад дайвар ашигт малтмалыг зүй зохистой ашиглах, боловсруулах, хадгалах, хамгаалах арга хэмжээ;
             3.4.15. Ашиглаж буй химийн бодисын нэр, төрөл, тоо хэмжээ, үндсэн үзүүлэлт, хангамжийн эх үүсвэр, гэрээлэлт, хэрэгцээ;
             3.4.16. Өрөмдлөг, тэсэлгээний ажлын тооцоо, тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн зарцуулалтын тооцоо, өрөмдлөг тэсэлгээний ажлын паспорт, тоног төхөөрөмж, тэсрэх материалын агуулах, тэсрэх материалын нэр төрөл, тоо хэмжээ, хангамжийн эх үүсвэр, гэрээлэлт, хэрэгцээ, тэсэлгээчний үнэмлэхийн хуулбар;
             3.4.17. Технологийн усан хангамжийн эх үүсвэр, хэрэглээ, хаягдал усны цэвэршүүлэлтийн технологи, сэлбэх ус, эргэлтийн усан хангамж;
             3.4.18. Технологийн хаягдлын агуулгын үзүүлэлтүүд, хаягдлын аж ахуйн зохион байгуулалт, эфель, гаалийн овоолго;
             3.4.19. Ус хуримтлуулах болон үер борооны уснаас хамгаалах арга хэмжээ;
             3.4.20. Уурхайн цахилгаан хангамж, түүний схем, эх үүсвэр;
             3.4.21. Уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангах талаар хийх ажил, зардал;
             3.4.22. Уурхайн агааржуулалтын тоног төхөөрөмжийн байдал, уурхайн ажлын байрыг хэрэгцээт агаараар хангах асуудал,агааржуулалтын схем;
             3.4.23. Галын аюулаас урьдчилан сэргийлэх болон аваарь устгах батлагдсан төлөвлөгөө;
             3.4.24. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх ажлын хэмжээ, тооцоо, авах арга хэмжээний төлөвлөгөө, зардлын төлөвлөлт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн технологи, нөхөн сэргээлтийн талбайн 1:1000-1:2000-ны масштабтай дэвсгэр зураг;
             3.4.25. Ашиглалт явуулж дууссан блокт акт үйлдэн, нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсөн материал;
             3.4.26. Тухайн жилийн уулын ажлыг технологийн дагуу явуулахад шаардагдах техник, зохион байгуулалтын арга хэмжээ;
             3.4.27. Эдийн засгийн тооцоо, нийт зардлын задаргаа, хөрөнгө санхүүгийн чадвар, шинээр хийх хөрөнгө оруулалтын хэмжээ, улс, орон нутгийн төсөвт оруулах орлогын төлөвлөгөө,;
             3.4.28. Боловсон хүчний хангамж, мэргэжлийн ажилтнуудын хангамж, нийт ажиллагсад;
             3.4.29. Ашиглалтын хайгуулын төлөвлөгөө

Дөрөв. Уулын ажлын тайлан

        4.1.Тухайн жилийн үйл ажиллагааны тайланг маркшейдерийн хэмжилтээр тогтоож баталгаажуулсан уулын ажлын үндсэн үзүүлэлт, уулын ажлын график, зураглалын стандартын дагуу боловсруулсан график зураг, тайлбар бичгийн хамт ирүүлнэ.
        4.2. Тайланд дараах мэдээг тодорхой үнэн зөв гаргасан байна.
              4.2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлтэй холбоотой гэрээ, хэлцэл;
              4.2.2. Уурхайн дүрмийн сангийн тухай мэдээлэл;
              4.2.3. Ажилласан өдөр / уурхай ажилласан хугацаа/
              4.2.4. Ажиллагсдын тоо;
              4.2.5. цалин хөлсний тухай мэдээлэл;
              4.2.6. Уулын ажлын төлөвлөгөөний биелэлт;
              4.2.7. Нөөцийн хөдөлгөөний тооцоо;
              4.2.8. Үйлдвэрлэлийн дамжлагын схем;
              4.2.9. Өргөтгөл, шинэтгэлийн ажил;
              4.2.10. Олборлосон хүдэр, боловсруулсан хүдрийн мэдээлэл;
              4.2.11. Үйлдвэрлэсэн, ачуулсан, борлуулсан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ;
              4.2.12. Байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын биелэлт;
              4.2.13. Бүтээгдэхүүн борлуулсан үнэ;
              4.2.14. Худадан авагчийн тухай мэдээлэл;
              4.2.15. Тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл;
              4.2.16. Ашиглалтын зардлын мэдээлэл;
              4.2.17. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн тухай мэдээ;
              4.2.18. Уурхайн улсын төсөвт оруулах орлогын мэдээлэл;
              4.2.19. Ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн мэдээлэл;
              4.2.20. Уурхайн бусад хөрөнгийн тухай мэдээ;
              4.2.21. Ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаарх мэдээ
              4.2.22. Блок нээсэн, хаасан тухай акт
              4.2.23. Ашиглалтын хайгуулын тайлан

Тав. Бусад зүйл

        5.1. Боловсруулсан маркшейдерийн гарын үсэг зурж, ерөнхий инженер эсхүл үйлдвэрлэл эрхэлсэн удирдах ажилтан баталгаажуулсан уулын ажлын төлөвлөгөө, тайланд маркшейдерийн хэмжилтээр хийсэн уулын ажлын дэвсгэр, огтлол зураг хавсаргасан байна.
        5.2. Нөөцийн хөдөлгөөний тооцоог Эрчим хүч геологи, уул уурхайн сайдын 1995 оны 258 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын нөөцийн улсын баланс зохиох заавар”-ын дагуу боловсруулсан байна.

Зургаа. Хариуцлага

        6.1. Энэхүү журмыг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад Ашигт малтмалын тухай болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

No comments:

Post a Comment

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.