МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1999 оны 5 дугаар Улаанбаатар
сарын 25-ны өдөр Дугаар 82 хот
Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай
Агаарын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Агаарыг хамгаалах хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралтын “Агаарыг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН
Засгийн газрын 1999 оны 82 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
АГААРЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Өнөөгийн байдал
Агаар нь хүн болон аливаа амьд биетийн амьдралын зайлшгүй хэрэгцээ бөгөөд түүнийг өөр зүйлээр орлуулах ямар ч боломжгүй билээ.
Дэлхийн хүн ам олширч үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжсөнөөс янз бүрийн бохирдуулах бодис агаарт их хэмжээгээр гаргах болсон нь агаарын цэвэр, ариун чанарыг алдагдуулж байгаа төдийгүй озоны давхарыг гэмтээх зэрэг агаарын бүтцийг эвдэх аюул учруулахад хүрч байна.
Агаар нь амьсгалын замаар хүний бие, эрүүл мэндэд шууд нөлөөлөхийн хамт цацраг идэвхжил, химийн хорт бодисыг богино хугацаанд их хэмжээний газар тараах орчин болдог.
Манай улсын хүн амын 55 орчим хувь нь хот, суурин газар оршин сууж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрч, хүн ам харьцангуй нягт суурьшсан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Мөрөн, Сүхбаатар зэрэг хот, суурин газрын агаар орчны бохирдолтын түвшин бусдаас өндөр байна.
Сүүлийн жилүүдийн ажиглалт, судалгаанаас үзэхэд Улаанбаатар, Дархан хотод хүхэрлэг хийн агууламж, Улаанбаатар, Эрдэнэт хотод азотын давхар исэл болон нүүрстөрөгчийн дутуу исэл, Улаанбаатар, Багануурт агаарын тоос нэмэгдэх хандлагатай байна.
1998 оны байдлаар авто техникийн улсын үзлэгээр тоологдсон бүх төрлийн 71490 автомашины бараг 50 хувь нь 10-аас дээш жил эдлэгдсэн хуучин машин байгаа бөгөөд трактор, өөрөө явагч хэрэгсэл, мотоцикл 37105 байна.
Нийслэлийн гурван дулааны цахилгаан станц, түүний 65 га талбайтай үнсэн сан, 150 шахам уурын зуух, гэр хорооллын 60 гаруй мянган өрхийн ердийн галлагаатай зуух, түүнчлэн газрын эвдрэл, үйлдвэрлэлийн явц, үйл ажиллагаанаас үүссэн шороо тоос, 500 мянган шоо метр хог хаягдал бүхий хогийн цэгүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болж байна.
Судалгаанаас үзвэл дулааны цахилгаан станцуудаас 62 мянган тонн, уурын зуухнаас 10 мянган тонн, тээврийн хэрэгслээс 50 орчим мянган тонн, гэр хорооллоос 9 мянган тонн агаар бохирдуулах бодис жил бүр нийслэлийн агаарт хаягдаж байна. Өвлийн их ачаалалтай галлагааны үед дулааны цахилгаан станцуудаас цагт дунджаар 60 гаруй тонн үнсийг үнсэн санд, 4 тонн үнс, 4.5 сая шоо метр утаа, 6 кг хүхэрлэг хийг агаарт хаядаг байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа нь хүний амьсгалах түвшинд ойр зайд буюу 0,2 м өндөрт цацагддаг бөгөөд түүний найрлагад хүний амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрсустөрөгч, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга бенз (а) пирен, альдегид зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис байдаг.
Хийн мандлын агаарыг бохирдуулагч бодисууд нь хүний бие махбодийн дархлын урвалыг өөрчилж, гадны эмгэг төрүүлэгч нянгуудыг эсэргүүцэх чадварыг сулруулж улмаар хүн амын өвчлөл, ялангуяа харшил үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Ялангуяа нийслэлд өвлийн улиралд газар орчмын салхины хурд бага байдаг учир хотын дээр агаарын температурын тонгоруу тогтож агаарт утаа тортог, элдэв хорт хийн хольцууд нэмэгдэх нэгэн нөхцөл болдог байна.
Сүүлийн арваад жилийн судалгаанаас үзэхэд нийслэлийн хүн амын амьсгалын замын өвчлөл улсын дунджаас олон хувь дээгүүр, хүүхдийн амьсгалын өвчлөл 1980 оноос хойш 3 дахин, насанд хүрэгсдийнх 1,8 дахин ихэссэн, бага насны хүүхдийн өвөрмөц хамгаалах тогтолцооны түвшин бохирдол багатай хот, суурингийн хүүхдийнхээс доогуур байгаа нь тогтоогдсон байна.
Улаабаатар хотын цаг агаарын байдалд үнэлгээ хийхэд хүний биед тохиромжтой цаг агаарын нөхцөл жилдээ 270 /79,3%/, харьцангуй тохиромжгүй нөхцөл 64 хоног /17,6% бүр тохиромжгүй нөхцөл 31 хоног байсаар байна. Харьцангуй тохиромжгүй , бүр тохиромжгүй нөхцөл ихэвчлэн хавар, намрын агаар хямарсан хоногуудад тохиолддог аж.
Судалгааны үр дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн агууламжийн хэмжээ нь амьсгалын замын өвчин гарах тоотой хамааралтай болох нь ажиглагджээ.
2. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, бодит шаардлага
Агаарыг хамгаалах хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх үндэслэл, шаардлагыг дараахь байдлаар тодорхойлж байна:
а/ хөгжил нь агаар, ус, хөрс, биологийн орчинд хохирол учруулах, түүнийг эвдэх устгахад чиглэсэн байх ёсгүй гэсэн тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн гол зарчим, өөрийн оронд хэрэгжүүлэх;
б/ монгол орны газар нутгийн хийн мандлын агаар дахь байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллөөс үүсэх агаарын бохирдлоос гадна аж үйлдвэржсэн хоёр том гүрний дунд оршиж байгаа учир хил дамжин ирэх бохирдлын улмаас агаарын чанарт өөрчлөлт орох магадлалтайг харгалзан түүнээс сэргийлэх арга хэмжээ авах;
в/ цэвэр агаар нь зөвхөн нэг орны төдийгүй манай дэлхийн амьдралын эх булаг, аливаа амьд биетийн оршин тогтнох зайлшгүй нөхцөл бөгөөд дэлхийн бөмбөрцгийн дулааныг гадагш алдахгүй, нарны хорт туяа, солирын мөргөлтхөөс хамгаалах бамбай болж байдаг тул түүнийг хамгаалж цэвэр, ариун байлгах нь улс, үндэстэн, иргэн бүрийн үүрэг мөнийг ухамсарлан, түүнийг хамгаалах талаар бодитой ажил хийх;
г/ “Агаарын тухай” Монгол улсын хуулийн 3 дугаар зүйлд заасан агаарыг хамгаалах хөтөлбөр боловсруулан Засгийн газраар батлуулж, хэрэгжүүлэх тухай заалтыг бодит биелэл болгох.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
1. Хөтөлбөрийн зорилго
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгод нийцүүлэн агаарыг аливаа бохирдлоос хамгаалах бодлого, үйл ажиллагаа явуулж, агаарыг цэвэр, ариун байлгах нөхцөл бүрдүүлэхэд оршино.
2. Хөтөлбөрийн үндсэн зорилт
Хөтөлбөрийн үндсэн зорилтыг дараахь байдлаар тодорхойлж байна:
а/ агаарыг хамгаалах үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, менежментийн зохистой тогтолцоог бий болгох;
б/ агаарын чанарын хяналт, шинжилгээний ажлын техник хэрэгсэл, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх;
в/ агаар хамгаалах арга хэмжээний нийгэм, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх.
3.Хэрэгжүүлэх үе шат, хугацаа
Хөтөлбөрийг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
-1999-2004 онд агаарыг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж боловсронгуй болгох, үндэсний стандарт, зөвшөөрөх дээд хэмжээг тогтоох, шинэчлэн боловсруулах, агаар бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийг хэмжих, тодорхойлох багаж, техник хэрэгслээр хангах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад агаар хамгаалах сэтгэлгээг бүрэлдүүлэн төлөвшүүлэх;
-2005-2010 онд улсын хэмжээнд байгаа бохирдуулагч эх үүсвэр нэг бүрээс агаарт гаргах бохирдуулах бодис болон үзүүлэх физикийн хортой нөлөөллийн төрөл хэлбэр, хэм хэмжээг тогтоон тэдгээрийг татвар, төлбөр, урамшууллын хөшүүргээр бүрэн зохицуулах нөхцөл бүрдүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчим
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах зарчим:
а/ хөтөлбөр нь байгаль орчныг хамгаалах бусад хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, бүс нутгийг хөгжүүлэх үндэсний бодлого болон НҮБ-ын Орчны хөтөлбөр, олон улсын байгууллагаас агаар хамгаалах талаар баримталж буй бодлого, зөвлөмж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдан зохицсон байх;
б/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцуулах нөхцөл бүрдүүлж, тэдний хувь нэмрийг хөхилэн дэмжих, агаар хамгаалах хууль тогтоомжийг биелүүлдэг дадал, заншилд сургаж хэвшүүлэх;
в/ эхний ээлжинд Улаанбаатар хот, хүн ам төвлөрөн суурьшсан бусад томоохон суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад түлхүү анхаарч, бохирдлыг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх замаар багасгаж, “Бохирдуулагч нь төлөх зарчим”-ыг тууштай баримтлахаас гадна хил дамжин ирж буй бохирдолд тавих хяналтыг сайжруулах, өргөжүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хөтөлбөрийн зорилтууд, үйл ажиллагааг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
1. Агаарыг хамгаалах үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, менежментийн зохистой тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд:
1/ төрийн захиргааны байгууллагуудаас шийдвэрлэх асуудлууд:
а/ агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх;
б/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн агаарт бохирдуулах бодис гаргаж, физикийн хортой нөлөөлөл үзүүлж байгаа эх үүсвэрүүдийн үйл ажиллагааг зохицуулах журмыг агаарын тухай хуулийн холбогдох заалтын дагуу боловсруулан хэрэгжүүлэх.
в/ агаарыг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд мөрдөж буй хууль, эрх зүйн баримт бичиг, зөвлөмж, аргачлал арга туршлагыг судлан нэвтрүүлэх, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох үйл ажиллагааг өргөжүүлэх, нэгдэн орсон Конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх арга хэмжээ авах;
г/ агаарыг хамгаалах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
д/ агаарыг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгож, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хуулиар хүлээсэн үүргээ хүрхэн биелүүлж байгаад хяналт тавин хариуцлага тооцдог механизм, тогтолцоог бүрдүүлэх;
е/ үндэсний стандарт, бохирдуулах бодис, хортой нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг шинээр боловсруулах шинэчлэн тогтоох.
2/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлага:
а/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын агаарт гаргах бохирдуулах бодис, үзүүлэх физикийн хортой нөлөөллийн хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу тогтоолгож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх;
б/ агаарыг хамгаалах тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар олон нийтийн санал хүсэлтийг өргөн авах, мэдээллийн хэрэгслээр тэдгээрийг сурталчлах;
в/ агаарыг бохирдуулагч эх үүсвэрт тавих иргэдийн болон бүх нийтийн хяналтыг төрийн хяналттай хослуулан зөрчлийг газар авахуулалгүй зогсоох арга хэмжээ авдаг болж хэвшүүлэх.
2. Агаарын чанарын хяналт, шинжилгээний ажлын техник хэрэгсэл, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд:
1/ төрийн захиргааны байгууллагуудаас шийдвэрлэх асуудлууд:
а/ агаарын чанарын хяналт-шинжилгээний цэг сүлжээг өргөтгөх, мэргэжлийн байгууллага, ажилтнуудыг техник хэрэгслээр бүрэн хангах;
б/ тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр болон нефть-химийн бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх цэгүүдийг экологийн магадлан оношилгоо хийх зөөврийн болон суурин лабораторитой, томоохон хот, суурин газрыг агаарын чанарын шинжилгээний нүүдлийн лабораториудтай болгох ажлыг зохион байгуулах;
в/ агаарыг бохирдуулах эх үүсвэрүүдийг дотоодын хяналт-шинжилгээний багаж хэрэгсэлтэй, агаарыг хамгаалах хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөтэй ажиллуулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлүүлэх;
г/ агаар бохирдуулагч эх үүсвэрийн дотоодын хяналтын дүн, мэргэжлийн байгууллагын хяналт шинжилгээний үзүүлэлт, экологийн магадлан оношилгооны лабораторийн шинжилгээний дүгнэлт гурвын нэгдлийг хангах үндсэн дээр агаар бохирдуулсны төлбөр ногдуулах шалгуур үзүүлэлтийг боловсруулах, задлан шинжилгээний ажилд орчин үеийн арга, өргөн боломж бүхий техник, технологи нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
д/ агаарыг бохирдуулах эх үүсвэрүүдийн нэгдсэн мэдээллийн систем бий болгон ашиглах;
е/ агаарын чанарын хяналт-шинжилгээний мэргэжлийн боловсон хүчин, нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан бэлтгэх, давтан сургах ажлыг техник, технологи шинэчлэлтэй уялдуулан чиглэсэн зорилготой хэрэгжүүлэх.
2/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлага:
а/ агаарыг бохирдуулах эх үүсвэр нь бохирдуулагч бодис, физикийн хортой нөлөөллийнхөө хэмжээг хянах шинжилгээний багаж, хэрэгсэлтэй байх журмыг мөрдүүлж, дотоодын хяналтын тогтолцоог бий болгох;
б/ бохирдуулагч эх үүсвэрүүд, ялангуяа тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэрт экологийн магадлан оношилгоо хийлгэх ажлыг хуулиар тогтоосон хугацаанд хийж, агаар бохирдуулах түвшингээ тогтоолгох;
в/ экологийн магадлан оношилгоог зайлшгүй хийлгэх шаардлагатай эх үүсвэрийн тухайд иргэд, олон нийтийн хяналтыг зохион байгуулах.
3. Агаарыг хамгаалах арга хэмжээний нийгэм, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
1/ төрийн захиргааны байгууллагуудаас шийдвэрлэх асуудлууд:
а/ агаар бохирдуулсны төлбөрийг бохирдуулагч нь нөхөн төлж агаар хамгаалдаг зарчмыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг нэвтрүүлэх, төлбөрөөс олсон орлогыг нь агаар хамгаалах үйлсэд зарцуулах;
б/ агаарыг хамгаалах ажилд бохирдуулах бодис, хортой нөлөөллийг бууруулах, багасгах тэргүүний техник, технологи нэвтрүүлсэн зэрэг тодорхой хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг эдийн засгийн аргаар урамшуулах тогтолцоо бий болгох;
в/ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх урт, дунд хугацааны болон жил, жилийн үндсэн чиглэлд агаарыг хамгаалах, агаарын чанарын шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, утаагүй түлш болон бүрэн шаталттай шинэ хийцийн зуух үйлдвэрлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээг төлөвлөн, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
г/ агаарыг хамгаалах, тухайлбал тээврийн хэрэгсэл, дулааны цахилгаан станц, бусад томоохон эх үүсвэрүүдээс гарч буй бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийг бууруулахад чиглэсэн дэд хөтөлбөр, төслүүдийг санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээл олгох, гадаад орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүдэд хамруулах зэрэг арга хэмжээг өргөжүүлэх;
д/ Улаанбаатар хотын зонхилох салхины чиглэлийн дээр байрлаж буй агаар бохирдуулах эс үүсвэрийг нүүлгэн шилжүүлэхэд чиглэсэн болон нийслэлийн хүн амын механик өсөлтийг хязгаарлах зорилгоор агаар бохирдуулсны төлбөрийг хөшүүрэг болгон ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх.
2/ Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлага:
а/ агаарт бохирдуулах бодис гаргасныхаа төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулах;
б/ агаарыг хамгаалах бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэх, ялангуяа агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн техник, технологи боловсруулах, нэвтрүүлэх чиглэлээр өрнөсөн аливаа үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, түүнийг урамшуулахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
в/ агаар бохирдуулсны төлбөрийн орлого болон бусад хандив, тусламжийн хөрөнгийн зарцуулалтад иргэд, олон нийтийн хөндлөнгийн хяналт тавих арга хэлбэрийг боловсронгуй болгох.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
1. Удирдлага, зохион байгуулалт:
а/ Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн алба, аймаг, нийслэл, орон нутгийн түвшинд мэргэжлийн албаны тухайн аймаг нийслэлийн салбарууд хэрэгжүүлнэ:
б/ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах арга зүйн зөвлөлгөө өгөх, салбар дундын зохицуулалт хийх, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн үйл ажиллагааны нэгдлийг хангах үндсэн дээр хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх “Хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх үндэсний зөвлөл”-ийг зохих журмын дагуу байгуулан ажиллуулна;
в/ бүрэн шаталттай, агаарт бохирдол бага гаргах зуухны төсөл шалгаруулах замаар гэрийн зуухны бүтэц, хийцийг сонгон шалгаруулж олноор үйлдвэрлэх, түүнчлэн нар, салхины эрчим хүчээр болон хийн түлш хэрэглэх зарчмаар ажиллах бага оврын дулааны эх үүсвэрээр эхний ээлжинд Улаанбаатар хотын зонхилох салхины чиглэл дээр байгаа гар хорооллынхныг хамруулж, цаашид хотын нийт айл өрхийг хангах арга хэмжээг зохион байгуулж, дэс дараатайгаар хэрэгжүүлнэ.
2. Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/ агаарыг хамгаалах, хяналт-шинжилгээний арга хэмжээнд зориулан улсын төвлөрсөн болон орон нутгийн жил бүрийн төсвөөс гаргах хөрөнгө;
б/ шинээр байгуулж буй болон ажиллаж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн байгаль орчныг хамгаалах хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулах хөрөнгө;
в/ хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй тусламж, хандивын хөрөнгө;
г/ аж ахуйн нэгж, байгууллага, олон нийт, иргэдийн хандивын хөрөнгө.
Зургаа. Хамтын ажиллагаа
1. Гадаад оронтой байгуулах гэрээ, хэлэлцээрт агаарыг хамгаалах асуудлыг тодорхой чиглэлээр тусгаж хэрэгжүүлнэ.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд агаарт гаргах бохирдуулах бодисын хэмжээ, найрлага, үзүүлэх физикийн хортой нөлөөллийг тодорхойлох, хэмжих өргөн боломж бүхий орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөр хангах, арга зүй, аргачлал эзэмших, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр НҮБ-ийн системийн байгууллага олон улсын бусад байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлнэ.
3. Байгаль хамгаалах үйлсэд зориулагдсан олон улсын сан гадаад орны зээл, тусламж, хандивын хөрөнгөнөөс агаарыг хамгаалах ажилд хуваарилан, оновчтой зарцуулна.
4. Хүлэмжийн хийн хаягдлыг хязгаарлах, бууруулах, бүрэн зогсооход чиглэсэн технологи, арга зүйг эзэмших, түүнийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
5. Агаарын шинжилгээ судалгаа явуулах, мэдээлэл цуглуулах болон байнгын ажиглалт явуулах ажлыг тодорхойлох, дүгнэх болон санхүүжүүлэхэд чиглэгдсэн олон улсын болоод Засгийн газрын хоорондын хөтөлбөр хэрэгжүүлэх, нэгдсэн сүлжээнд хамрагдах үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам
1. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраар батлуулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
2. Нийслэл, аймаг, орон нутгийн түвшинд агаарыг хамгаалах чиглэлээр хийх арга хэжээний төлөвлөгөөг боловсруулан тухайн шатны Засаг дарга нар батлан хэрэгжилтэд хяналт тавина.
3. Хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн алба хариуцах бөгөөд нийслэл, аймаг, орон нутгийн түвшинд мэргэжлийн албаны салбарууд гүйцэтгэнэ.
4. Агаар хамгаалах ажлын ерөнхий аргачлал, арга зүйн зөвлөлгөөгөөр хангах, техник, технологи, боловсон хүчний бодлого, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах зэрэг асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн алба зохицуулна.
Найм. Гарах үр дүн
Дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч буй тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд төр, засгаас явуулж буй бодлогыг хэрэгжүүлж, амьд байгалийн тулгуур орчин болсон хий мандлын агаарыг цэвэр, ариун байлгаж, иргэдийн эрүүл, аюулгүй агаар орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж, дараахь үр дүнд хүрнэ:
1. Нүүрсний чанарт тохирсон техник, технологийн шинэчлэлт хийх, түлшний чанарыг сайжруулах болон утааг шүүх, цэвэрлэх шинэ загварын шүүлтүүр тавьж, технологийн горимын дагуу байнга хэвийн ажиллуулах, бохирдлын зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлэх үндсэн дээр дулааны цахилгаан станцууд зэрэг суурин эх үүсвэрүүдийн агаарт гаргах бохирдлыг 2010 оны түвшинд одоогийнхоос 1,8 дахин бууруулах;
2. Экологийн магадлан оношилгоонд тээврийн хэрэгслийг бүрэн хамруулах, сайн чанарын шингэн болон дэвшилтэт шинэ төрлийн түлш хэрэглэх ажлыг өргөжүүлэх замаар хөдөлгөөнт эх үүсвэрийн агаарт гаргах бохирдлын хэмжээг 1,5 дахин бууруулах;
3. Бүрэн шаталт явагдах технологи бүхий үндэсний стандартын шаардлага хангасан зуухаар нийслэлийн гэрт оршин сууж буй өрхийг 2005 оны түвшинд бүрэн, утаагүй түлшээр нийслэл, зарим аймгийн төвийн гэрт болон галлагаатай орон сууцанд амьдарч буй өрхийн 50 хувийг 2010 онд тус тус хангах үндсэн дээр гэр хорооллоос гарах бохирдлыг одоогийнхоос 2 дахин бууруулна;
4. Нийслэл, хүн ам төвлөрсөн суурин газруудад агаар бохирдуулах томоохон суурин эх үүсвэрүүдийг шинээр байгуулах асуудлыг бодлогоор зохицуулах, түүнчлэн нийслэлийн зонхилох салхины чиглэлд болон бохирдуулах бодис харьцангуй тогтмол хадгалагдаж байгаа газруудаар байрлаж байгаа үүсвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, шинээр эх үүсвэрүүдийг байрлуулахгүй байх удирдлага, зохион байгуулалтын болон эдийн засгийн хөшүүргийг нэвтрүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг 2010 оны түвшинд 40-өөс багагүй хувиар багасгана.
Засгийн газрын 1999 оны
82 дугаар тогтоолын 2 дугаар
хавсралт
“Агаарыг хамгаалах хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
No comments:
Post a Comment
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтггэгдэлд хариуцлага хүлээхгүй бөгөөд та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.